Tuesday, February 3, 2015

НОРВЕГИЙН  АРААС  ҮҮ? ГРЕК  ҮҮ? - ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД БОЛОМЖ ОЛГО..!

Үндэсний Шинэтгэлийн Хорооноос өнгөрсөн оны 5-р сард “Төрийн сангуудын тогтолцоо, удирдлагыг оновчтой болгох арга замууд” сэдэвт бодлогын судалгаа явуулах тендер зарлагдаж, манай баг шалгарсанаар бид гадаад дотоодын олон эрдэмтэн судлаач нартай хамтран бүтэн 4 сарын турш судалсанаа 9-р сарын сүүлээр тайлангаа тавьсан ч Хөгжлийн Яамны сайд нар нь лаг мөнгөө төлчихөөд сонсоогүй, одоо нэг мэрэгжилтнийх нь шүүгээнд л байгаа даа.

Манай сэтгүүлч, нийтлэлчид ёжтой шүүмж, судлаачид гадаад орнуудын туршлага бичдэгээс ялгаатай нь бид бодлогын судалгаандаа тулгуурласан хөгжлийн гарцыг төрийн эрх баригчдад санал болгосон ч тасарчихсан ухаантнууд нь тоож үзэхгүй байгаа тул баялгийн сангуудын талаар өнгөрсөн 3 жилд судалсан судалгаа түүнд өгсөн дүгнэлтээсээ Монголын хөгжлийн төлөө санаа зовнидог бүх хүнтэй хуваалцъя гэж хэвлэл мэдээллийнхэндээ хандав.

Манай оронтой төстэй уул уурхайн баялагтай орнууд бүтээн байгуулалтандаа голдуу гадны хөрөнгө оруулалтыг татаж, хөгжиж байгаагийн нэг жишээ бол яахын аргагүй Катар улс юм. Өөрсдийн орлогоороо Үндэсний Баялгийн Сан байгуулж, гадагш нь ”100 тэрбум ам.доллар”-оороо хөрөнгө оруулчихаад, бусдын 280 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтээн байгуулалтаа хийгээд байдагт учир нь байгаа юм. Ер нь аль ч орон өөрсдөө хөгжлийн туйлд хүрчихээд эсвэл мөнгө нь илүүдээд гадагш нь гаргаад байгаа юм биш. Байгалын баялагаас орж ирж байгаа хөрөнгө бол нэг талаасаа эцсийн бүтээгдэхүүнээрээ буюу хэрэглэхэд бэлэн болсон таваар биш тул дотоодын нийт бүтээгдэхүүн гэж тооцоход  ч учир дутагдалтай.
        
Иймд гэнэт орж ирсэн том хөрөнгийг дотооддоо шууд оруулах биш, зугуухан аажмаар оруулахгүй бол зах зээлийн шингээх чадвараа алдаж мэдэх юм. Гадаад орны зарим шинжээчдийн судалгаагаар манай эдийн засгийн өсөлтийг 17%, түүнээс дээш өсч, хөгжлийн хурдаараа дэлхийд 2050 хүртэл тэргүүлнэ гэж дүгнэсэн нь Жон Перкинсийн “Эдийн Засгийн Алуурчны Наминчлал” номонд дурьдагдсан технологитой ойрхон сонсогдохгүй байна уу? 

Төсөл нь бэлэн болоогүй байхад гаднаас том зээл авч, төрийг өрөнд оруулвал ямар болдгийг Евро бүсийн зарим орнууд харуулаад эхэлчихлээ. Бид өнөөдөр гараа хумхиад тансаглаад хэрэглээний эдийн засагтай Испани, Грек шиг явах уу? Жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ 4 дахин том мөнгөн хөрөнгөтэй Үндэсний Баялгийн Сантай Норвеги улс шиг болох уу? гэсэн сонголтын өмнө ирчихээд байна.

          Өнөөдрийн байдлаар Норвегийн Үндэсний Баялгийн Сан нь 680 тэрбум ам доллар,
          Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн хэмжээ 162 тэрбум, 
Норвег улсын төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 18% буюу 28 тэрбум ам.доллар ба түүнд тохирсон улсын төсвөө парламент нь батлаад сууж байна. Харин Баялгийн Сангийн хөрөнгийн менежментэд нь Норвегийн ерөнхийлөгч, Засгийн Газар, парламент нь ч оролцох эрхгүй байдаг. Хөрөнгө оруулалт болгон өөр өөрийн онцлогтой.

Жишээлбэл: Оюу-Толгойд гэхэд Рио Тинтогоос өөр жижиг компани оролцох арга байхгүй, ер нь технологи ноу-хау-гаараа орж ирэхдээ хөрөнгө санхүүгээ зээлээр шийдээд ирсэн. Зээлээ ч 66:34 хувиараа хариуцсан. Гэхдээ хөрөнгө оруулалтынхаа 70-80%-д нь тоног төхөөрөмж машин механизмаа өндрөөр үнэлж, мөнгөн хөрөнгийнхөө ихэнхийг буцаагаад гадаадад гаргачихдаг, баялгаа барьцаалж мөнгө босгодог буюу шууд хөрөнгө оруулалт гэж үздэг. Харин Монголын Засгийн Газар урьдчилгаа 250 сая ам.долларыг урьтал болгож хүүтэй зээлснээрээ гэрээндээ барьцаалагдаж олон алдаа гаргасныг олон хүн шүүмжилдэг. Харин Таван Толгой, Төмөр замын төсөлд өндөр технологи но-хау бараг хэрэггүй, гол нь санхүүгийн хөрөнгө оруулалт л түүнийг бүрэн шийдвэрлэчихнэ. 

Гүйцэтгэгч нь хэн байх нь хамаагүй монголчууд ч нүүрс олборлож, төмөр зам тавьж чадна. Төслийг зээлээр хэрэгжүүлье гэвэл Зээл-өр гэсэн чөтгөрийн тойрогт ороод, дарж чадахгүй бол юу болохыг гадарлаж байна уу? Грек шиг арлууд бидэнд байхгүй, 13 тэрбумийн гадаад өртэй Монгол улс нутгийнхаа хаанаас нь таслаж өгөх вэ? Зээл олдох уу? гэвэл Монгол Улсын Засгийн Газрын  баталгаагаар бол  Хөгжлийн Банктай ч банкгүй ч олдоно. Төрөөс хараат байгууллага ямар байдгийг Хөгжлийн Банк жинхэнэ утгаар нь харуулж байна. УИХ, Засгийн Газраас шууд-хараат Хөгжлийн Банкыг нийгмийн төслүүд, орон нутгийн замыг санхүүжүүлэх, түүнийг шууд гэрээлэх зэргийг нь заачихсан учир ашгийн бусаар ажиллуулж байгааг Дэлхийн Банкныхан шүүмжилж байгаа.

Бид 1%-ийн хүүтэй мөнгөө гаргачихаад 5%-ийн хүүтэй зээл авчихаад хүү төлөөд юу ч бүтээгээгүй байгаа шүү дээ. Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж бирж дээр 30%-аа зарж хэрэгжүүлэх үү? Заавал ингэж 30 хувиа хэн нь ч мэдэгдэхгүй идэвхитэй бус гадны иргэдэд жижиглэнгээр зарчихаад явж байгаагын нэг жишээ бол Энержи Ресоурс компани юм. Манайд өнөөдрийн байдлаар лав өдий хэмжээний МЕГА төслийг санхүүжүүлэх түнш алга байна. Бид гадаадын хөрөнгө оруулалт, IPO, гадны зээл гэсэн 3 боломжоос хамгийн муу болох зээл-өрийг эрх баригчид сонгож байгаа нь эдийн засгийн алуурчдын гарт өөрсдөө яваад орчихож байгаа юм биш үү?

Төмөр замаа барихдаа хоёр хөршөө гомдоохоос болгоомжилж, мэргэжлийн компани гээд Оросын Төмөр зам компани, Хятадын хөнгөн цагааны Чайналко хоёроос өөр хамтрагч олдохгүй гэж үү? Үнэндээ тэдэнд ч энэ төслийг зээл авахаас өөрөөр санхүүжүүлэх хөрөнгө байхгүй шүү дээ. Геополитикийн бодлогоос нь эмээгээд байгаа бол ОХУ-ын сан, Хятадын ҮБС болох CIC болон гуравдагч орнуудын ҮБСангуудаас сан байгуулах замаар интернэшнель хөрөнгө оруулалт татах боломж бий. ОХУ ч тэр Хятад ч тэр хойч үеийнхнийхээ хөрөнгийг боож гарц гаргахгүй гэж байх үү? Гадаадын сангуудын сангийн хөрөнгө оруулалт нь төрд ямар ч өр үлдээхгүй хөнгөлөлт чөлөөлөлт хүсэхгүй, тогтвортой байдлын гэрээ шаардахгүй, менежмэнтийг нь монголчууд хийх санхүүгийн хөрөнгө оруулалтыг сонгож өргүй үлдэх үү?Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ихэнхийг уул уурхайн түүхий эд нүүрс, зэсийн баяжмалаар бүрдүүлдэг манай орны хувьд энэ жил шиг нүүрс авахгүй бол төмөр замын ачаа эргэлт багасч төмөр замын төсөл ч ашигтай ажиллаж чадахгүй тохиолдолд гадаад өр зээлдээ баригдаж, Монгол улс дефолт зарлахдаа хүрвэл яах вэ?

Засгийн Газрын бондыг нь авсан эдийн засгийн алуурчид Грекээс Афин хотыг нь авна гэж айлгаснаар Грек одоо арлуудаа зарж эхэлж байна. Эрсдэлээ өөрсдөө үүрч гаднаас зээл авах уу? Тэднээр эрсдэлээ даалгаж хөгжих үү? Гадаад зээл ба гадаадын хөрөнгө оруулалтуудын ялгаа нь ердөө л энэ.

Гадаад валютын нөөц буюу олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтын ялгаа

Монгол улс мөнгөтэй л дөө. 2012 оны байдлаар нийт эдийн засгийн хэмжээ  ойролцоогоор 20 тэрбум ам.доллар, түүн дээр 2,7 тэрбум ам.долларын гадаад вальютын нөөцтэй байна. 2013 оны эдийн засгийн төсөөллөөр гадаад вальютын нөөц 4 тэрбумд хүрэх ажээ. Энэ нь ОУВС-аас 3 сарын импортын хэмжээнээс багагүй байх ёстой гэсэн шаардагыг хангах, үндэсний валютыг үнэгүйдүүлэхээс хамгаалж байгаа юм гэсэн. Тэгвэл энэ том хөрөнгийг дотооддоо буюу бүтээн байгуулалтандаа ашиглаж болох уу?

Монгол банкныхан-Монголын санхүүгийн зах зээлийн багтаамж бага хэмжээтэй тул түүнээс илүү гарсан мөнгийг вальют болгон гадаад зах зээл дээр жилийн 1%-ийн хүүтэй, хугацаагүй хадгаламж хэлбэрээр ААА зэрэглэлийн банкинд хадгалуулдаг. Сонин л байна. Засгийн Газрын мөнгийг болохоор 1%-тай хадгалддаг эсэхийг шалгамаар юм. 

Тэгвэл Монголын Засгийн Газар бонд гарган гаднаас жилийн 5%-ийн хүүтэй 1,5 тэрбумын бондын зээл авч байгааг юу гэж ойлгох вэ? Монгол улсыг бүхэлд нь нэг компани гэж үзээд, та захирал нь байсан бол орлогоо 1%-тай хадгалуулаад, эргүүлээд 5%-тай зээл авч өдөр бүр хүү төлөх үү?

Тэгвэл Монголын Засгийн Газар эзэн Чингисийн нэртэй бонд гаргаж, 1,5 тэрбум ам долларын зээл авсан нь тэртэй тэргүй санхүүгийн зах зээл дээр багтахгүй байгаа вальютын нөөц гэх 2.7 тэрбум дээр нь нэмээд 4.3 тэрбум болгоод Монгол Банкаар менежмэнт хийлгэн жилийн 1%-ийн хүүтэй хадгалуулж байна гэсэн үг үү? Монгол Банк гадаад зах зээл дээр менежтэнт хийж чадаж байна уу? Зөрүү нь жилийн 4 хувийн алдагдлыг хэн хариуцах болж байна? Монголд бэлэн болсон урт болон дунд хугацааны төсөл алга. Тэгэхээр өөрийнхөө зах зээлд багтахгүй байгаа мөнгөн хөрөнгөн дээрээ нэмэх гэж Шинэчлэлийн Засгийн Газар Эзэн Чингисийн нэрээр өр тавьсан болж байна. Мөнгөний менежмэнтийг төр хийж чадаж байна уу? Бид өөрсдөө 100%-ийн эрсдэл үүрч” Чингис-өр“-тэй явах нь зөв үү? Гадны хөрөнгө оруулалтыг дэмжих үү?

Төрийн мэдлийн энэ том мөнгөн хөрөнгө дотооддоо байршуулъя гэхэд санхүүгийн зах зээл нь шингээх чадваргүй байдаг, тэр тусмаа хувийн хэвшлийнхний хийж гүйцэтгэх ёстой ажлыг төр булааж хийвэл тухайн улсын эдийн засагаа тэлэх биш, харин ч импортыг хөөрөгдөж үнэ нэмэгдүүлдэг. 

Тэгэхээр манай эдийн засгийн хэмжээг тэлэх механизм нь ердөө л гадаадын хөрөнгө оруулалт юм. Монголчууд бид ч бас гадаадад хөрөнгө оруулж байж л хөрөнгө оруулалтын сэтгэлгээтэй болно. Бид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед нь орлогынхоо тодорхой хэсгээр Үндэсний Баялагийн Сан байгуулан тодорхой хэсгээрээ гадаад орнуудад хөрөнгө оруулснаар технологи но-хауг нь эзэмшиж улмаар өөрийн орондоо нутагшуулах, харин бусад улсуудын ҮБС-ын хөрөнгийг татаж дунд болон урт хугацааныхаа МЕГА төслүүдэд хөрөнгө оруулах шинэ суваг “шугам” нээх шаардлага байна. Жишээлбэл: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин-одоо Орост мөнгөний проблем алга болж, харин ганцхан но-хау л хэрэгтэй байна гэж ярьж байна. Хөгжлийг зөвхөн мөнгөөр ч биш хэрэгцээт бүтээгдэхүүний но-хауг нутагшуулах замаар хөгжиж байгаа олон орон байгаа бөгөөд шилдэг бүтээгдэхүүнтэй компанид хөрөнгө оруулж байж л но-хауг нь нутагтаа иновацийг оруулах эрх үүсдэг байна. 

Энгийнээр хэлэхэд 2 литрийн саванд таарсан эдийн засгаас илүү гарсаныг нь хүссэн хүсээгүй гадагшаа гаргахаас өөр замгүй. Харин эдийн засгаа тэлье л гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр эдийн засгийнх нь хэмжээ 3 литр, түүнээс дээш болгоно. Зүйрлэвэл эдийн засгийн хэмжээ 2 литр байсан дээр нь Оюу-Толгойн хөрөнгө оруулалт болон бусад гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр Монгол улсын эдийн засгийн хэмжээ 3 литр болж, манайд байгаа 3 төгрөгний нэг нь гадаадын хөрөнгө оруулалтын буян гэж ойлгодог хүмүүс нь яриад байгаа юм.
   
Үндэсний Баялгийн Сангийн болон хувийн сангуудын философи, Монгол Банкны философоос ялгаатай нь

Хэйдж буюу хувийн хөрөнгө оруулалтын сангуудын эх үүсвэр нь хувийн бизнесээс эх үүсвэртэй бөгөөд мөн л эдийн засгийн хэмжээнээсээ илүүдсэн мөнгөн хөрөнгийг олон улсын зах зээл дээр тоглолт хийж мөнгөө арвижуулах зорилготой  сангууд юм. Тэдний философи нь: 1-рт ашиг, 2-рт хөрвөх чадвар, 3-рт эрсдэл гэдэг дараалалтай бөгөөд эдийн засгийн хямралтай үед санхүүгийн зах зээл дээр сайн тоглогч байдаг.  Харин Төв Банк буюу Монгол банкны философи нь: 1-рт эрсдэл, 2-рт хөрвөх чөдвар, 3-рт ашиг байдаг.

Монгол Банк энэ философио бариад жилийн 1 хувийн хүүтэй хадгалуулсанаараа олон улсын санхүүгийн зах зээл дээр тоглогч биш зөвхөн хадгаламж эзэмшигч юм.

ҮБСангийн хөрөнгө оруулалтын философи нь: харин урт удаан хугацааны туршид нийт дүнгээрээ жилийн орлогоосоо 12-17%-ийн ашиг хүртдэг 1-рт: Тогтвортой, 2-рт: Эрсдэл, 3-рт: Ашиг гэсэн эрэмбэтэй. Тухайн төсөл буюу обьект нь тухайн ард түмнийх нь өмчлөлд үлддэг тул түүнийг барьцаалах, Засгийн Газрын баталгаа гаргуулах шаардлагагүй мөн төслийн болон мөнгөн хөрөнгийн удирдлагад оролцдоггүй, ТЭЗҮ-г нь үзээд л шийдвэрлэдэг зэрэг амбици багатай хөрөнгө оруулалт юм. Иймд Үндэсний Баялагын сангууд нь хувийн хөрөнгө оруулалтын сангууд болон Төв Банкны философиудаас  зарчмын хувьд маш ялгаатай.

Монголчууд бид ямар хөгжлийн гарцийг хүсч байна вэ?

Монгол улс түүхэндээ гадаадын хөрөнгө оруулалтаар томоохон 3 том бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж  байна.

1.  ОХУ-ын Засгийн Газарын хөрөнгө оруулалтаар хөрш орнуудтайгаа холбогдсон Төмөр Замын төсөл 1949 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж одоо 50, 50%-ийн харьцаатай байгаа. 60 гаруй жил болсон ч цаашид ч үргэлжлэх биз. Оросын Засгийн Газар объектоо барьцаалж, зээл авч манайд ноогдох хэсэгт нь хүүтэй зээл бодоогүй зэрэг нь монголчууд бидэнд таалагддаг.
2.    ОХУ-ын Засгийн Газарын хөрөнгө оруулалтаар зэс, молибдины Эрдэнэт үйлдвэрийн төсөл. 1978 оноос ашиглалтанд орж Монголын тал 51%, ОХУ 49%-ийн хувьцааг тохирч Монголын тал 10 хүрэхгүй хувийг орон сууц зэрэгт оруулж, үлдсэн 90%-ийг нь ОХУ-ын Засгийн Газар үйлдвэрийг нь Эрдэнэт хоттой нь босгосон. Төсөл нь 35 жил болсон ч цаашид хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Тухайн үедээ га газрыг 15 төгрөгөөр бодогдсон зэрэг одоо эргээд гэрээний зарим заалтад  өөрчлөх ёстой зүйлүүд бий юу? Бий.

3. Англи, Австралийн хувийн хөрөнгө оруулалттай Рио-Тинто,Канадын Айвенхау компаниудын хамтарсан консерциумийн хэрэгжүүлж байгаа Оюу-Толгойн төсөл. Харьцаа нь 66:34. Хөрөнгө оруулалтаа нөхөөд 51%-даа хүрэх хугацааг 30 жилээр гэрээнд тусгасан зэрэг  өөрчлөх шаардлагатай зүйл бий юу? Бий. Харин гэрээг өөрчлөх цаг хугацаа нь одоо мөн үү? Баялгийг нээгч буюу перво-открыватель нь хэн бэ? гэдгийг ч мартах учиргүй. Дээрх 1 дэх төсөлд ОХУ-ын Засгийн Газарт өөр хөрөнгө оруулах орон байсан уу? Эх орны дайны дараах хоригдлууддаа ажлын фронт нээсэн үү? Үнэгүй шахам ажиллах хүч байсан уу? Ямар ч гэсэн олзны Власовын армийнхан бүтээн байгуулсныг л бид мэднэ.Ашигтай бөгөөд урт удаан жилийн явцад ашиг нь гарна гэж үзсэнийг бид мэдэхгүй. Ямар ч гэсэн өөрт ноогдох хэсгээ манайд худалдаад гаръя л гээгүй байна. Хөрөнгө оруулалтаа хэдийд ямар хугацаанд нөхөөд, түүнээс хойш тухайн жилийнхээ орлогоос ямар ч гэсэн ашиг хүртэж байгаа нь мэдээж.

Бараг мөнгө оруулалгүй оролцсон монголчууд бид өндөр ашиг хүртсэнээс гадна гадныхнаас ихийг сурч, хүнээ хөгжүүлснээр өнөөдөр Төмөр зам, Эрдэнэтийг монголчууд удирдаад л явж байгаа нь л үнэн.

Үүнээс харахад гадны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтаа нөхсөн л бол одоо гарцгаа гэсэн сэтгэлгээгээр биш, харин ч дээрх 1,2-т дурьдсан хөрөнгө оруулалтыг л хүсээд байгаа бус уу? Тийм л бол дээрх 2 төслийг хэрэгжүүлэхэд гэрээ байгуулахад гар бие оролцсон хүмүүс ч бидний дунд байж л байна.

Монголчууд бид л урт хугацааны хөрөнгө оруулалтыг л сонговол хөрөнгө оруулагчид 20 жил түүнээс дээш жилээр ашигаа хамтран хүртэх төслийг л сонирхож байна.

Дээрх 3 төслийн хувьд Монголчууд ямар ч эрсдэл хүлээж байгаагүй, харин хөрөнгө оруулагч тал 100% эрсдэлийг хүлээж байсан. Ашигаа хийж чадаагүй бол тэд л хөрөнгөө алдахаас биш, бид юу алдах билээ?

Тэгээд ч өмнөх 3 төслийг монголчууд бид эхлээд удирдаж байсан түүх байгаа ч үгүй, харин бусдын хөрөнгөөр бүтээн байгуулалт хийлгэе гэхээр“ Шинэчлэлийн Засгийн Газар төмөр зам, агаарын тээвэр, харилцаа холбоо, стратегийн ордууддаа шидэт 51%”-г нь төр эзэмшин, төрөөс томилосон хүнээр менежмэнтээ хийлгэхээр шийдвэрлэжээ.

Ер нь төслийн хөрөнгө мөнгийг шийдэж байгаа тал нь төслийн удирдлагыг сонгодог болохоос улс төрийн сонголтоор тавигдсан хэн нэгэн хүнд итгэж, гадныхан хөрөнгө оруулна гэж байх уу?

Хөрөнгө оруулалт гэдэг бол тухайн хүндээ маш том риск хийж, шийдвэр гаргадаг хэрвээ эрсдэлээ буруу тооцсон бол өөрөө л хохироод үлддэг тул төр нь ч бай, хамтрагчаасаа өр нэхдэггүй хатуу тоглоом. Хэн оруулах нь гол нь биш чөтгөр ч оруулсан ч бай түүнийг хүндэтгэх ёстой. Бүгд л ашиг хүртэгсэд тул гадаадын хөрөнгө оруулагчдад ашиг хүртэх хугацааг нь бодох л хэрэгтэй. Харин  бид өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалтанд бэлэн  байна уу?

Хамгийн гол нь бид өөрсдийнхээ сэтгэлгээгээ өөрчлөж, тэднээс сурч аваад цаашид үргэлжлүүлэх л шаардлага байна. Монголын төрийн эрх баригчид хамаг функцүүддээ “шидэт 51 хувь” буюу менежмэнтийг нь бариад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг тэнэг юм чинь хөрөнгөө оруулж л таарна гэж үзвэл Монгол улсын хөгжилд чөдөр тушаа болж, монголчууд бид л модон тэвштэйгээ л үлдэнэ..

Өнгөрсөн түүхээсээ ч харсан эрүүл сэтгэлгээгээр ч бодоход ийм амбицаар цаашид хол явахгүй тул бусдаас сурч хүнээ хөгжүүлэхэд олон улсын хэллэгээр”rent white guy” буюу “цагаан арьстнийг хөлслөх” гэсэн загварыг нэвтрүүлэх, эсвэл РРР-ийн зарчмаар дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтарч  байж л хөгжих учиртай.

Монголын төр хөгжлийн бодлогоо таван нүүдлийн цаадахыг боль гэхэд гурван нүүдлийн цаадахыг харж чадаж байна уу?

           Хэрэв нэг жилээр төлөвлөе гэвэл тариа тарь.
           Хэрэв арван жилээр төлөвлье гэвэл мод тарь.

Хэрэв насаараа төлөвлье гэвэл хүнээ хөгжүүл гэсэн зарчимаар хөгжүүлсэн нэг жишээ бол Сингапурын Темесек холдинг компани юм. 1961 онд Малайзаас тусгаарлан тусгаар тогтнолоо олсон Сингапур улс Агаарын тээвэр, Цахилгаан холбоо ер нь бүх л салбараа хамруулан төрийн өмчид хамаарах функцүүддээ гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд Темасек холдинг компаныг байгуулан багынхаа 90%-ийг гаднаас бүрдүүлэн аравхан хувьд нь сингапурчууд ажиллуулан менежмэнтийг нь сурч авснаар өнөөдөр 60%-д нь  л сингапурчууд ажиллаж байна.

Мөн Сингапур Айр Лайнз компаныхаа 70%-ийг гадныханд өгч, дэлхийн ноймор нэг компани болсныхоо дараа л өнөөдрийн байдлаар дөнгөж 56%-ийг Темасек эзэмшиж байна. Энэ мэтчилэн сингапурчууд бусад салбартаа ч гадны хөрөнгө оруулалтад өндөр  ач холбогдол өгч, төр нь бизнесээсээ тусгаарласан улс төрийн шийдэлд хүрчээ.

Өнөөдөр Темасек холдинг компани төрийн стратегийн бүх салбарынхаа компаниудын активуудыг эзэмшин, зах зээлийн үнэ нь 250 тэрбум ам.доллар буюу Азийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани болжээ.

Уул уурхайн ямар ч баялаггүй Сингапурын энэ хөрөнгө оруулалтын компани хэдхэн жилийн дотор ийм амжилтанд хүрч чадсан учир нь урт удаанаар хөгжлөө төлөвлөн хүнээ хөгжүүлэн тэдний мэдлэгт суурилсан бизнесийг хөгжүүлсэн явдал юм.

          Харин манайх бол:

1-рт: 51 хувийг л эзэмшихгүй бол алдчих байх гэсэн гэнэн бодлын цаана ашиг сонирхолын зөрчилтэй, менежмэнтийг нь авч, Бэрс нь пешка  гаргах санаатай.
2-рт: Төр-бизнес гэсэн нэг төвтэй, засгийн эрхийг авмагц Бэрс нь хүүгээ түрж байгаа нь хүндээ биш механизмдаа байна.
3-рт: Хүмүүсээ гадны орнуудад сургадаг, өөрсдөө ч өндөр боловсрол эзэмшдэг боловч ажлын байрыг нь улс төрчид бөглөөд суучихдаг тул  мэдлэгээрээ ирж ажиллах боломжгүй.
4-рт: Аливаа төсөл дээр олон улсын багыг ажиллуулж тэднээс өөрсдөө суралцах боломжийг олгодоггүй.

        Ямар ч ядуу улсад ч төрийн эрх мэдэл гэж том хүчин зүйл байдаг. Темасек ч хөрөнгө мөнгөгүй байсан ч түүнд төрөөс нь итгэж өгсөн салбарууд, тэдний менежмэнтийг удирдах эрх мэдэл, ерөнхийлөгч, ерөнхий сайд нь ч нөлөөлж чаддагүй хууль баталж өгсөнд л  учир нь байгаа юм.
        Төр бизнэсээсээ салчихвал хийх ажилгүй болчих гээд байгаа юм уу? Байшин баръя гэвэл эмнэлэг сургууль, цэцэрлэг гээд, зам баръя гэвэл хөдөө орон нутгийн зам эрчим хүч гээд нийгмийн зөндөө л ажил байна. Өнөөдрийн байдлаар Засгийн Газар дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиар төсвөө бүрдүүлсэн, мөн том ажил олгогч мөн үү? гэвэл мөн. Сонгуульд ялсан нам нь төрийн албан хаагчдаа л томилоно биз,  аж ахуйн нэгжийн  ТҮЗ-д хөндлөнгөөс нь оролцож удирдлагыг нь томилон хууль зөрчиж байна..             
         Хөрөнгө мөнгөгүй байж болох ч хөрөнгө оруулах ЗАХ ЗЭЭЛ гэдэг бол мөнгийг тосож авах  нь мөнгөний том зах зээл тул Аристотелийн хэлсэнчлэн “Мөнгийг хөөж гүйцдэггүй, харин тосож  гүйдэг юм” гэсэнтэй адил.
         Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа 2010 онд Сингапурт айлчлаж Темасекийн үйл ажиллагаатай танилцаад, манай Төрийн Өмчийн Хороотой л адилхан юм байна. Өөрчилье гээд Төрийн Өмчийн Хорооны дарга Сугарт үүрэг өгсөн байдаг.
         Дараа нь ч Темасекийнхан ч Монголд ирж Төрийн Өмчийн Хороог өөрчлөн, төрийн өмчит кампаниудын дээр Хөрөнгө Оруулалтын Сан” Баялагын Сан” байгуулах санал тавиад буцсан юм.
         Эрх баригчид юу гэж хувааж иддэг хэдийнхээ дээр төрөөс хараат бус байгуулга байгуулхав.
         МАН-ын Засгийн Газрууд өнгөрсөн бүрэн эрхийнхээ  хугацаанд Монголын төрийг хулгайн үүр болгосон болохоор нь АН-ыг дэмжсэн тул  бид ардчилалын зарчмуудыг тэднээс шаардах эрхтэй.
          Өнөөдөр манайд ажиллаж байгаа төрийн өмчит 90 гаран компаний менежмэнтийг нь төрийн Өмчийн Хороо гэдэг улс төрийн байгууллага удирдаж, тэдний захирлуудыг Ерөнхий Сайд томилж  байсан цагт авилгал, ашиг сонирхолын зөрчил аль ч засгийн үед үргэлжлэж ашигийн төлөө бус алдагдалын төлөө ажилладаг МИАТ, ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ зэрэг шахааны бизнестэй байх нь  тодорхой.
          Норвег шиг Сингапур шиг л болъё гэж байгаа бол бизнесийг төрөөс салгах системийн буюу төрийн бүтцийн өөрчлөлт л хийх учиртай. Норвег болон бусад хөгжиж буй орнуудын парламент нь зөвхөн төрийн ажлын хүрээн дэх хөрөнгөө улсын төсөв гэж батлаад бизнес хөрөнгө оруулалтыг нь тусгай сангууд нь удирдаад явдаг юм.
         Манай төр толгойноосоо эхлээд цэвэршиж байгаа гэдэгт бид итгэж  өгөхгүй л байна.
         Дээр үед Хятадын хаан өөрийн зөвлөх Күнзээс–манай энэ ноёдууд хулгай хийгээд байна яах вэ? гэж асуухад нь - Хаан та өөрөө л хулгай хийхээ больчих, тэгвэл тэд ч бас хулгай хийхгүй гэсэн юм гэнэ  лээ.
ХАРААТ БУС, ИЛ ТОД БАЙХЫН УТГА
         Сүүлийн жилүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад орнуудын нэрт эрдэмтэн судлаачдыг Монголд урьж “Эдийн Засгийн форум” хийдэг болсон нь манай эдийн засагчдад төдийгүй  бусад салбарын эрдэмтэн судлаачдад ч урам зориг өгсөн сайхан уламжлал бий боллоо.
        Өнгөрсөн жилүүдэд уригдаж ирсэн Эрнандо Сато гуай, Стэнфордын гурван докторууд  бүгд л манай эдийн засгийн хөгжилд өсөлт авчирах маш сайхан илтгэлүүд тавьсан боловч нэг л итгэл муутайхан өнгөөр дуусгаж байцгаасан.
        Энэ нь танай төр засаг тунгалаг бус авилгалтай байгаа цагт ямар ч сайн сайхан хөгжилийн тухай яриад хэрэггүй гэдгийг шууд л хэлж байсан.
        Саяхан Норвегийн Ерөнхий сайд асан, Газрын Тосны сайд асан, Сангийн дэд сайд нар манай “Иргэний танхим”-д лекц уншихдаа - Норвегийн Баялагын Сан мөн л алдаж байсан гэдгийг дурьдаж, Европын орнуудын Засгийн Газрын бонд худалдаж авснаар 1 тэрбум ам.доллар алдахад ард түмэнд нээлттэй байсан тул сайн ойлгон хүлээн авч, улмаар Баялагын Сан нь өөрийн стратегээ өөрчлөөгүй явсаар алдагдлаа харин ч ашигтайгаар эргүүлэн авсан тухайгаа жишээ болгон ярьж байна.
          Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: Эдгээр докторуудын илтгэлээс манай төр үг болгонд нь дүгнэлт хийж, асуудал бүр дээр бодлогын судалгаа хийж, иргэний оролцоогүй шийдвэрлэгдэх ганц ч асуудал байх ёсгүй гэж хэлсэн.
          Ер нь хараат бус хамгийн том фигүр нь Монгол улсын ерөнхийлөгч цаашилбал Баабар, Авирмэд, Хурц гээд монголын төлөө цохилох зүрхтэй олон хүмүүс - Иргэдийн оролцоо, орон нутгийн өөрөө удирдах ёс, ард түмнийг үзэл бодлоор нь  хоёр хуваасан,намыг хатуу гишүүнчлэлгүй болгох, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шүүх эрх мэдлийг хараат бус болгохыг хүсдэг. Энэ шаардлага бол түүнийг шийдэх л нэг гарц.
         2005 онд би Төрийн Өмчийн хороогоор дамжуулан хараат бус “Holding Company” байгуулах саналыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд тавьж шийдвэрлүүлсэн боловч “Эрдэнэс МГЛ” гэсэн нэртэй жинхэнэ хараат компани байгуулж, захирлаар нь Д.Зоригт томилогдож - энэ компаны захирал нь 7 жилийн хугацаагаар сонгогддог болъё гэдэг хуулийн төсөл бариад ордноор нэг гүйж байсан нь бага зэрэг юм сонссон юм шиг байгаа юм. Дараа нь Энержи Ресоурсыг бизнесийг хурдлуулахын тулд монголын уул уурхай дэд бүтэцийн хөгжлийг хазаарлах үүргийг бүлэглэлээсээ аваад Энэбишийг пешкээр тодруулж одоо “Эрдэнэс Таван Толгой” ямаршуухан явж байгааг нь та бүхэн мэдэж байгаа
          2008 онд Оюу-Толгой компани байгуулагдахдаа  Монголын талд оногдох 34%-аа төлөөлөх  Төлөөөлөн Удирдах Зөвлөлдөө 3 хүнийг оруулахад нэг хүн нь төрөөс, хоёр хүн нь хараат бус байхаар хүссэн юм байна лээ.Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр л П.Цагааныг төрөөс, Н.Багабанди, Ч.Ганболд нарыг хараат бус гээд нэг талаасаа танил тохой харсан биз, нөгөө талаасаа тийм байгуулга ч байсан биш томилчихсон юм байна лээ. Хараат бус гишүүнийг төр ч томилдоггүй тул хараат бус гишүүнийг судлаж, сонгож баталдаг Хараат бусчуудын байгуулга байх шаардлагатай гэж үзэж байна.
          Ардчилсан нам өнөөдөр мөрдөгдөж байгаа “Компаны тухай хууль”-д Гүйцэтгэх захирлыг ТУЗ-ын ердийн олонхоор санал хурааж сонгоно гэсэн заалтыг бүдүүлгээр зөрчин, төрийн өмчит компаны захирлыг ТУЗ нь биш Ерөнхий Сайд тавиад, хараат бус гишүүнийг нь ч томилоод байвал  урдах засгаас ялгаа нь юу байна?
           Сүүлийн үед сонинуудад хараат бус гишүүн сонгон шалгаруулж авна гэсэн зар нэлээд гарлаа. Яаж сонгох гэж байгаа юм бүү мэд, эсрэг санал өгөх хүнийг сонгохгүй бололтой. Нэг хараат бус гишүүн авчихвал хараат бус байгуулга болчихно гэж бодсон юм байх даа.
          Ардчилсан нэртэй нам болохоор нь ардчилчихлаа ч гэх юм уу? Ил тод гэхээр шилэн түрийвчтэй болчихоор ч юм уу? хараат бус гэж шаагилдахаар нь хүнийг нь сольчихоор шударга болчихно гээд  шилний цаанаас чихэр долоолгоно гэж бодож байх шиг байна.
          “Компаны тухай хууль”-нд ч өөрчлөлт оруулан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн олонхийг хараат бус гишүүдээр бүрдүүлэх, тэднийг төрийн бус байгуулагаас нь сонгуулах улмаар ТУЗ нь компаны гүйцэтгэх захирлыг сонгож байж л төрөөс хараат бус байгуулга болох учиртай тул бид төрөөс шаардах л болно.
          Хараат бус байгуулга нь байгуулагдахдаа л гарал үүсэл нь шудрагаар буюу  ТҮЗ-ын олонхийг хараат бус гишүүдээр бүрдүүлж, удирдлагаа томилохгүй бол төрөөс байгуулсан цагт ямар ч шудрага хүн хөрөнгийг шамшигдуулах л болно.
          Ер нь шүүх засаглал, хэвлэл мэдээлэл, хөрөнгийн болон таваарын бирж гээд олон байгуулагууд хараат бус байх ёстой байгуулгуудыг хүсч л байгаа бол бидэнтэй нэгдэх л хэрэгтэй.
          Ийм л ардчилалын шинэтгэл реформыг хийхгүй бол ямар ч Ардчилсан нам, ямар ч Шинэчлэн Найруулсан Засгийн Газар гараад хуучин төрийн машины эрэг шураг чангалан компаны ил тод засаглал гэж яриад, бензин шатахуун, гурил, мах зэрэг аж ахуйтай зууралдаад байвал бидэнд  ямар найдвар байна аа?
          ”Иргэний Хөдөлгөөн” гээд л анх Д.Энхбатыг байгуулж байхад нь -дараа нь нам байгуулчихгүй биз дээ гэж олон ч хүн сануулж байсан. Ногоон намын хажуугаас нь хэсгийг нь аваад Иргэний Зориг намд наагаад өөрөө гишүүн болоод л дууссан.
           Би ”МОНГОЛ-999 нэгдэл” шиг хэсэг нөхдүүд эдийн засгийн хараат аж ахуйн нэгж байгуулчихаад бусдыг нэгтгэх гэсэнгүй, харин та аль ч улс төрийн бүлгээс хараат байя гэвэл улс төр, эдийн засгаас хараат бус ашгийн төлөөх байгуулгыг байгуулалцан хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
                       “Хараат бус  Монголчуудын Холбоо” ТӨРИЙН БУС БАЙГУУЛГААС
ХИЛИЙН ЧАНАДАД  БОЛОН МОНГОЛДОО БАЙГАА ХАРААТ БУС МОНГОЛЧУУД, МОНГОЛ ТУУРГАТАН  АХ ДҮҮ НАРТАА: УРИАЛГА
         Өнөөдрийн байдлаар гадаад орнуудад 120 000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа бол Монголдоо ч олон мянган хараат бус хүмүүс бий. Мөн дэлхийн олон оронд олон мянган  Монгол ах дүү нар маань ч  байгаа. Бид олууллаа.
         Улс төрийн намууд болон шийдвэр гаргагчид та бүхнийг эх орондоо ирж ажиллахыг уриалах боловч хаана ямар ажлын байр та бүхэнд санал болгож байна вэ? Өөрийн мэдлэг мэргэжлээ Монголдоо зориулъя гэж гадаад орноос халуун дулаан санаа өвөртлөн ирэхэд чинь эзлэх  суудалыг нь улс төрийнхөн эзэлчихээд суудлаа тавьж өгөөгүйд нь гомдоод буцсан олон хүнийг бид мэднэ. Монголын төр бизнесээсээ сална гэдэгт итгэл тун бага, төр цэвэршинэ гэдгийг өнөөдрийн эрх баригчдаас хараад итгэл алдарч  байгаа тул та бүхэнд хандаж байна.
        Та бүхэн амьдралын эрхээр харийн нутагт хүч хөлсөө өгч, Монголын төрөөс горьдож амьдраагүй ч элгэн нутагтаа ирэхэд чинь юу хүлээж байгааг  хүргэе.
          Ихэнх Монголчууд орон байртай болъе гэж харийн нутгийн зүг мордоход чинь байсан байрны үнэ  улс төртэй, бизнесийнхэн энэ хэдхэн жилийн дотор 300 хувиар өсгөчихсөн.
          Та хөдөлмөрийн хөлснийхөө хэдийг харийн орны үл хөдлөхөд зарцуулснаа тооцоод үзээрэй.
          Зарим нь бүр моргейжийн зээлээр байр авч төлбөрөө дуусгаж чадалгүй, байраа буцааж өгсөн нь ч байгаа.
          Таныг Монголдоо ирээд моргейжийн зээл авъя гэхэд Монголд ажил хийдэггүй гээд ямар ч арилжааны банк  зээл өгөхгүй.
           Ажилд оръё гэхэд ялсан намд танил талгүй бол олдохгүй, бизнес хийе гэхэд бараг бүх салбаруудыг нь улс төрийнхөн эзэлчихсэн, цоо шинээр бизнес эхэлье гэвэл Хятадын Эрээнээс хамааралтай эдийн засагтай болчихсон, харин танд хар зах дээр ард түмнээ мөлжих ”ченж” гэдэг  ажлын байр л  хүлээж байгаа.
           Ажлын байраа эхлээд олж, байр оромжоо зохицуулдаг та бүхэн шиг олон хүмүүс Монголд ирчихээд хаана ирснээ ойлгох гээд зүдэрч байна.
           Та бүхэн  хөдөлмөрийн бирж дээр байгаа ажлын байрыг сонирхож ирнэ гэж байхгүй.
           Та бүхний ихэнх нь төрийн албанд буюу улс төрд орох сонирхолгүй, харин ч эх орондоо бизнес хийж, сүүлийн үеийн техник технологийг оруулах сонирхолтой.
           Тэдгээр хүмүүс бүгдээрээ ажиллаж байгаа орноосоо мэргэжил но-хау-г эх орондоо оруулахыг бүгд л хүсч байгаа нь мэдээж. Мөн Монголд байгаа олон судлаач эрдэмтэд инженерүүд бүгд л эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэвч сайндаа л үзэл бодлоо улс төрт хавчуулж хэвлэл мэдээлэлд өгснөөр дуусгавар болж байна.
           Тэгвэл гадаад дотоодод байгаа эдгээр хүмүүс аль нэг намын гишүүнчлэлгүй, эсвэл гишүүнчлэлтэй ч эрх баригчдын хэн нэгнийг танихгүй бол үзэл бодол нь хад мөргөөд дуусч байна.
           Гэхдээ  үзэл бодлын зөрүү, шүүмжлэл хэрэгтэй ч чухам яг юуг яаж өөрчлөх талаар бодитой судалгаа санал юу юунаас чухал хэрэгтэй байна.
           Зарим эрдэмтэн, инженерүүдийн үзэл бодлыг нь эрх баригчид сонсохгүй болохоор  тэмцлээ улс төржүүлэхээс өөр замгүй болж, үзэл бодлыг нь сонсдог л бол дургүй ч байсан сонсдог нам руу явж байна.
           Бид хараат бус нийгмийг 1990 онд хүсч Монголын Ардчилсан Хөдөлгөөнийг дэмжсэн болохоос ямар нэгэн өнгөтэй нам сонгоогүй. 1990 онд МОАХ нь түүхэн үүргээ гүйцэтгээд одоо Ахмад Тэмцэгчидийн Хороо болсон л юм бол дараагийн холбоо байгуулагдах нөхцөл нь бүрдээд байна.
          Ямар ч байгуулгын гарал үүсэл нь анхнаасаа л тухайн цаг үедээ зохицсон зорилго нь тодорхой, хугацаатай байдаг  болохоор МОАХ ч 1990 оны хувьсгалыг хийж, АН гарснаар зорилгоо биелүүлжээ.
          ЗалуучуудааУлаан, хөх өнгийн нам дагаж намирснаас хоёрдох буюу эдийн засгийн хувьсгалыг эхлүүлсэн нь дээр бус уу? Та бүхэн гудамжинд хөдөлгөөн зохион байгуулж тэмцэх чинь энэ хоёр  намын гишүүн болох гэж тэр үү? Олон түмэнд танигдаад ч, сонгуульд ялаад ч, хэн нэгэнд нь таалагдлаа гэхэд та нарыг эдийн засгийн бүлэглэлийн гар хөл бологчид л болгоно. Эрх баригчидын гар хөл бологч хичнээн олон залуучуудыг шорон руу явуулж байгаад дүгнэлт хийцгэнэ үү.
         Харин та бүхэнд Монголын ХАРААТ БУС хүмүүсийн зөвхөн бизнес санаа, эдийн засгийн төвлөрөлөөрөө нэгдэх төрийн бус байгуулга буюу холбоог байгуулахыг уриалж байна.
        Энэ холбоо нь насны ялгаа, улс төрийн үзэл бодол,шашин шүтлэг хамаарахгүй зөвхөн Монголынхоо хөгжил дэвшилд иргэний нийгмийн оролцоогоо нэгтгэн судалгаа хийж төслүүд дээрээ  хамтрах, түүнээсээ ашигаа шударгаар хүртэх явдал юм.
         Сонгуульд ялсан намаар дамжин ямар нэгэн албан тушаалд хүрч, ард түмний өмчөөс шамшигдуулах гэж бодож байгаа хүмүүсийн хувьд - та буруу хаалгаар орох гэж байна гэж зөвлөмөөр байна.
         Харин сонгуульд ялагдсан ч бай аль ч намын гишүүн болон түүний үр хүүхэд сэтгэж чаддаг л бол -та зөв хаалгаар оржээ гэж хүлээн авах юм.
         Нэгдэгсэд нь улс төрөөс хараат бус амьдарч ирсэн цаашид ч бизнес, улс төрийн заагийг ойлгодог тул өнөөдрийн Монголын улс төр нь бизнесээс хараат бус, бизнес нь улс төрөөс хараат бус болгох эрхэм зорилгодоо хүрч, төрийн өмчлөлтэй аж ахуйн нэгжүүдийн менежмэнтийн удирдлагад орж  ажиллах боломжийг олж  авах явдал юм.
         Та бүхэн 100 хувийн төрийн өмчлөлтэй Төмөр Зам компаны гүйцэтгэх захирал,  Эрдэнэс-МГЛ-ийн захирал зэргийг төрөөс  буюу Ерөнхий сайд томилсныг юу гэж үзэж байна?
         Шалгарсан менежэр мөн үү? Ялсан намаас сонгуульд ялагдсан нэгнийгээ харж үзсэн томилолт гэж үзэж байна уу? Тэднийг муу менежэр гэж хэлэх гэсэн юм биш, гэхдээ л тэдэнд бэлтгэгдсэн баг ”team” байгаа гэдэгт итгэхгүй байна.
         Сайндаа л тэд өөрийн хүрээндэх хагас  хугас хэлтэй,мэдлэгтэй хүүхдүүдээр багаа бүрдүүлсэн ч хол явахгүй л дээ.
         Бид ч бас Ардчилсан намыг дэмжиж сонгуульд саналаа өгсөн шүү дээ. Өгөхгүй ч байх арга бий. Уул нь бидний сонгосон нам, түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн Газар - Та бүхэн томоор сэтгэ. Бид та бүхнээс гаргасан санал санаачлагыг шийдвэрлэнэ гэж амлаж байгаа тул өмнөх Засгийн Газруудаас гаргаж байсан “Зөгийн үүр” Шинэчлэлийн Засгийн Газрын “Эдийн Засгийн хувьсгал” мэтийн төрийн санаачлагаар бус бид өөрсдөө санаачлан байгуулсан тохиолдолд Засгийн Газрын тухай хуульд “Засгийн Газрын зарим чиг үүргийг төрийн бус байгуулгааар гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх ч боломж бий гэж үзэж байна.
         Иймд бизнесийг улс төрөөс хараат бус болгох зарчим нь ”Ашиг сонирхолын тухай хууль”-тай нийцэж, төрийг авилгаас цэвэрлэх зорилтоо хэрэгжүүлэх л ёстой.
        Та бидний гаргасан шаардлагыг хүлээж авахгүй нөхцөлд бид ч “нэг л өдөр төр барьдаг”-ыг ч бас харуулж болно. Тэр цагт аль ч намынх нь бай хэн нь олуулаа вэ? гэдгийг бид  харуулж болно.
Санал:
         1-рт:  Өөрсөддөө ажлын байр бий болгох зорилгоор мэдлэг боловсролоо нэгтгэн, нэгдмэл нэг хүч болон үзэл баримтлал,санал “Idea“санаачлагаа хамгаалах, бодит бизнесээ хэрэгжүүлэх  ашгийн төлөөх төрийн бус байгуулгыг байгуулах,
         2-рт:  Эдийн засгийн чадавхиараа нэгдэн өөрсдөө оролцон орон сууцтай болох,
         3-рт: Хадгаламжаараа Монголд хөрөнгө оруулалтын сан эсвэл банк байгуулан бүтээн байгуулалтанд оруулснаар мөнгөн хөрөнгөө арвижуулах зэргээр та бүхнийг уриалан дуудаж  байна.
         Өнөөдөр “Facebook,Twitter”зэрэг мэдээллийн хэрэгслэлээр Африкийн орнууд өнгөт хувьсгал хийж байхад, Монголчууд бид “Overseas Chinese Bank” шиг банк санхүүгийн байгуулга байгуулан эх  орныхоо бүтээн байгуулалтанд оролцохыг уриалан дуудаж байна.
         Манай уул уурхайн баялгийг дагаад гадаадын олон банк манай санхүүгийн зах зээлийг эзлэхэд ойрхон байна.
         Бид чинь наад зах нь 120 000-уулаа гэж үзвэл хүн бүр 10 000 доллар гаргахад  1,2 тэрбум гэж бодоход ямар их хүч байгааг та бодоод үзээрэй. Энэ банк чинь л танд моргейжийн зээл өгнө. Өнөөдөр эдийн засгийн цус нь болсон бүх хадгаламжийн 97%-ийг 3-хан хувь буюу олигархуудын мөнгийг  арилжааны банкууд жилд 15-20%-иар өсгөж өгч байгаа.
         Таныг болон өөрийгөө төрөөс хулгайласан тэрбумтангууд гэж үзээгүй тул цэвэр мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг мэдрүүлэн эх орныхоо бүтээн байгуулалтанд оруулбал ард түмэндээ буян болохоос гадна эдийн засгийн эрх чөлөөгөө олж авахын тулд  та бүхэнд хандаж байна.
         Та бидний хэнд нь ч гэсэн 10 000-50 000 ам.доллар байгаа боловч үүгээр баялаг бүтээж чадах бил үү? Монголчууд бид мөнгөн хөрөнгөөрөө нэгдэж, монголын эдийн засгийг шинэ цусаар сэлбэх цаг нь ирсэн гэж үзэж байна.
         Таны хадгаламж гадаад орнуудын банкинд жилийн 3%-ийн хүүтэйгээр хадгалагдаж байгаа нь мөнгөний үнэ цэнийг гүйцэхгүй унаж байдгийг санагтүн.
         Харин та өөрсдийн байгуулсан банкаар таны мөнгөн хөрөнгө жилд 10%-с доошгүй өсгөж, өөрийнхөө байр орон сууцыг санхүүжүүлэх боломж, эх оронд чинь таны амьдрал баталгаатай болох юм
         Гуйгаагүй байхад намуудаас та бидэнд өгсөн Таван Толгойн 1062 хувьцаагаараа ч нэгдэж чадвал Таван Толгой компаны  ТҮЗ-д нь төлөөллөө оруулж л таарна.
         Та бүхэн эдийн засгийн эрх чөлөөгөө олж авах гэж бол аливаа сонгуульд ч саналуудаа нэгтгэн сонгуулийн хувьсгал ч хийж болно.
         Энэ бол зөвхөн миний л санал болохоос биш, та бүхнээс илүү үнэтэй санал гаргана гэдэгт бат итгэлтэй байна. Удахгүй  twitter –ээр уулзцгааж нэгдэцгээе!!!


Хараат бус судлаач: Ж.Түвшинбат  2013 оны 3-р сарын 14


No comments:

Post a Comment