Tuesday, February 3, 2015

“ХАРААТ БУС МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО” - ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААС ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА БОЛОН ХАРААТ БУС МОНГОЛЧУУДДАА ГАРГАХ УРИАЛГА

Өнөөдрийн байдлаар гадаад орнуудад 120 000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байна. Мөн Монголдоо ч олон мянган хараат бус хүмүүс бий. Бид олууллаа. Улс төрийн намууд болон шийдвэр гаргагчид эдгээр хүмүүсийг эх орондоо ирж ажиллахыг уриалж байгаа боловч хаана ямар ажлын байр байгааг гаргаж чадахгүй байна. Өөрийн мэдлэг мэрэгжилээ Монголдоо зориулъя гэж гадаад орноос халуун дулаан санаа өвөртлөн ирэхэд нь эзлэх ёстой суудалыг нь улс төрийнхөн эзэлчихээд суудлаа тавьж өгөөгүйд гомдоод буцсан олон хүнийг бид мэднэ. Та бүхэн амьдралын эрхээр харийн нутагт хүч хөлсөө өгч, Монголын төрөөс горьдож амьдраагүй ч элгэн нутагтаа ирэхэд чинь юу хүлээж байгааг хүргэе.

Ихэнх Монголчууд орон байртай болъе гэж харийн нутгийн зүг мордоход чинь байсан байрны үнэ улс төртэй, бизнесийнхэн энэ хэдхэн жилийн дотор 300 хувиар өсгөчихсөн. Та хөдөлмөрийн хөлснийхөө хэдийг харийн орны үл хөдлөхөд зарцуулснаа тооцоод үзээрэй. Зарим нь бүр моргейжийн зээлээр байр авч төлбөрөө дуусгаж чадалгүй, байраа буцааж өгсөн нь ч байгаа.

Таныг Монголдоо ирээд моргейжийн зээл авъя гэхэд Монголд ажил хийдэггүй гээд ямар ч арилжааны банк зээл өгөхгүй. Ажилд оръё гэхэд танил талгүй бол олдохгүй, бизнес хийе гэхэд бараг бүх салбаруудыг нь улс төрийнхөн эзэлчихсэн, цоо шинээр бизнес эхэлье гэвэл Хятадын Эрээнээс хамааралтай эдийн засагтай болчихсон, хар зах дээр ард түмнээ мөлжих ”ченж” гэдэг ажлын байр л хүлээж байгаа.

Ажлын байраа эхлээд олж, байр оромжоо зохицуулдаг та бүхэн шиг олон хүмүүс Монголд ирчихээд хаана ирснээ ойлгох гээд зүдэрч байна. Та бүхэн хөдөлмөрийн бирж дээр байгаа ажлын байрыг сонирхож ирнэ гэж байхгүй.

Сонгуульд ялсан намын удирдлагад ах дүүтэй хүмүүст л төрийн ажилд орохоос өөрөөр ямар ч боломжгүй улс төрөөс хараат бус хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгуулгыг санал болгож байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь төрийн албанд буюу улс төрд орох сонирхолгүй, харин ч эх орондоо бизнес хийж, сүүлийн үеийн техник технологийг оруулах сонирхолтой. Тэдгээр хүмүүс бүгдээрээ ажиллаж байгаа орноосоо мэргэжил но-хау-г эх орондоо оруулахыг бүгд л хүсч байгаа нь мэдээж. Мөн Монголд байгаа олон судлаач эрдэмтэд инженерүүд бүгд л эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэвч сайндаа л бухимдсан шүүмжлэлдээ санал санаачлагаа хавчуулж хэвлэл мэдээлэлд өгснөөр дуусгавар болж байна. Тэгвэл гадаад дотоодод байгаа эдгээр хүмүүс аль нэг намын гишүүнчлэлгүй, эсвэл гишүүнчлэлтэй ч эрх баригчдын хэн нэгнийг танихгүй бол эдгээр санал сэтгэлгээ нь хад мөргөөд дуусч байна. Гэхдээ шүүмжлэл хэрэгтэй ч чухам яг юуг яаж өөрчлөх талаар бодитой судалгаа санал юу юунаас чухал хэрэгтэй байна.

Зарим эрдэмтэн, инженерүүдийн үзэл баримтлалыг нь эрх баригчид авч хэлэлцэхгүй болохоор тэмцэлээ улс төржүүлэхээс өөр замгүй болж, үзэл баримтлалыг нь сонсдог л бол дуртай дургүй ч нам руу явж байна. Монголын ХАРААТ БУС хүмүүсийн зөвхөн үзэл баримтлал, бизнес санаа, эдийн засгийн төвлөрөлийг нэгтгэн төрийн бус байгуулга буюу холбоог байгуулж байна. Энэ холбоо нь насны ялгаа, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг хамаарахгүй зөвхөн Монголынхоо хөгжил дэвшилд иргэний нийгмийн оролцоогоо нэгтгэн судалгаа төслүүдээ хамтран хийж, түүнээсээ ашгаа шудрагаар хүртэх явдал юм. Сонгуульд ялсан намын удирдлагад ах дүүтэй түүгээрээ дамжуулан ямар нэгэн албан тушаалыг горьдож байгаа хүмүүсийн хувьд - та буруу хаалгаар орсон байна гэж зөвлөмөөр байна. Харин сонгуульд ялагдсан ч бай аль ч намын гишүүн болон түүний үр хүүхэд сэтгэж чаддаг л бол - та зөв хаалгаар оржээ гэж хүлээн авах юм.

Эдгээр хүмүүс нь улс төрөөс хараат бус амьдарч ирсэн цаашид ч бизнес, улс төрийн заагийг ойлгодог тул өнөөдрийн Монголд байгаа улс төрийг бизнесээс хараат бус, бизнес нь улс төрөөс хараат бус болгох эрхэм зорилгодоо хүрч, төрийн өмчлөлтэй аж ахуйн нэгжүүдийг менежмэнтээр удирдах, төрийн бус байгуулгаасаа томилогдон ажиллах боломжийг тэмцэх явдал юм. Та бүхэн М.Энхсайхан 100 хувийн төрийн өмчлөлтэй Төмөр Зам компаны гүйцэтгэх захирлаар, Я.Батсуурийг Эрдэнэс - МГЛ-ийн захирлаар томилогдсныг юу гэж үзэж байна? Шалгарсан менежэр мөн үү? Ялсан намаас сонгуульд ялагдсан нэгнийгээ харж үзсэн томилолт гэж үзэж байна уу? Тэднийг муу менежэр гэж хэлэх гэсэн юм биш, гэхдээ л тэдэнд бэлтгэгдсэн баг ”team” байгаа гэдэгт итгэхгүй байна. Сайндаа л тэд өөрийн хүрээндэх хагас мэдлэгтэй хүүхдүүдээр багаа бүрдүүлсэн ч хол явахгүй л дээ. Төрийн эрх баригчид төрийн өмч давамгайлсан “төрийн модон тэвш” болсон компанууддаа “ер бусын 51 хувиас багагүй” байхаар шийдвэрлэснээр гадаадын хөрөнгө оруулалт оруулахад саад хийж хөгжлийг саармагжуулж байна. Та бүхэн Монголд байгаа нэг аж ахуйн нэгжийн 51% нь буюу менежментийг нь нэг улс төрч барьж байна гэхэд итгээд 49%-д нь хөрөнгө оруулах уу?

Бид ч бас Ардчилсан намыг дэмжиж сонгуульд саналаа өгсөн шүү дээ. Бидний сонгосон нам, түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн Газар - Та бүхэн томоор сэтгэ. Бид та бүхнээс гаргасан санал санаачлагыг шийдвэрлэнэ гэж амлаж байгаа тул өмнөх Засгийн Газруудаас гаргаж байсан “Зөгийн үүр”мэтийн төрийн санаачлагаар бус бид өөрсдөө санаачлан байгуулсан тохиолдолд Засгийн Газрын тухай хуульд “Засгийн Газрын зарим чиг үүргийг төрийн бус байгуулгааар гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх явдал юм.

Өнгөрсөн УИХ-ын үед Х.Батулга Барилга Зам Тээврийн сайд байхдаа “Төмөр Замын талаар төрөөс баримтлах бодлого” боловсруулах, түүний төслийг өөрт нь ойр байсан “Liberty partners” компани, Төмөр Замын компанийг Батзаяагаар удирдуулсан, зэрэгт төсвөөс хөрөнгө зарцуулсан гэж Ц.Нямдорж сайдаас – Төмөр Зам барихыг чинь харнаа, 4 сая долларыг чи идсэн зэргээр тавлуулсан нь нэг талаас хөгжлийг түргэтгэх сайн талтай ч нөгөө талаас төсөл шалгаруулаагүйд байгаа юм. Иймд бизнесийг улс төрөөс хараат бус болгох зарчим нь” Ашиг сонирхолын тухай хууль”-ийн биелэлтэнд сайнаар нөлөөлөх тул төрд ч ашигтай болно. Ардчилсан төрд үнэхээр иргэний нийгмийн оролцоог оролцуулья гэвэл аль байгуулга тэр хүнийг судлаж томилох вэ? гэсэн асуудлыг шийдвэрлэх зорилготой.

Бидний санал:

1-рт: Өөрсөддөө ажлын байр бий болгох зорилгоор мэдлэг боловсролоо нэгтгэн, нэгдмэл нэг хүч болон үзэл баримтлал, санал “Idea“ санаачлагаа бодит бизнесээр хэрэгжүүлэх ашигийн төлөөх төрийн бус байгуулгыг байгуулах,

2-рт: Эдийн засгийн чадавхиараа нэгдэн өөрсдөө оролцон орон сууцтай болох,
3-рт: Хадгаламжаараа Монголд хөрөнгө оруулалтын сан эсвэл банк байгуулан бүтээн байгуулалтанд зориулснаараа мөнгөн хөрөнгөө арвижуулах зэрэгт та бүхнийг уриалан дуудаж байна.

Өнөөдөр “Facebook”, ”Twitter” зэрэг мэдээллийн эрин зуунд Африкийн орнууд өнгөт хувьсгал хийж байхад, Монголчууд бид “Overseas Chinese Bank” шиг банк санхүүгийн байгуулга байгуулан эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож яагаад болохгүй байх билээ. Манай уул уурхайн баялгийг дагаад гадаадын олон банк манай санхүүгийн зах зээлийг эзлэхэд ойрхон байна. Бид чинь 120 мянгуулаа гэж үзвэл хүн бүр 10 000 доллар гаргахад 1,2 тэрбум гэж бодоход ямар их хүч байгааг та бодоод үзээрэй. Энэ банк чинь л танд моргейжийн зээл өгнө. Өнөөдөр эдийн засгийн цус нь болсон бүх хадгаламжийн 97%-ийг 10 саяас дээш хадгаламжтай 3-хан хувь буюу олигархуудын мөнгийг жилд 15-20%-иар өсгөж өгч байгаа арилжааны банкууд ард түмнийг буюу бизнесүүдийг жилийн 24-30 хувиар шулж байна. Та бидний хэнд нь ч гэсэн 10000-50000 ам доллар байгаа боловч үүгээр баялаг бүтээж чадах бил үү?Монголчууд бид мөнгөн хөрөнгөөрөө нэгдэж, монголын эдийн засгийг шинэ цусаар сэлбэх цаг нь ирсэн гэж үзэж байна.

Таны хадгаламж гадаад орнуудын банкинд жилийн 3%-ийн хүүтэйгээр хадгалуулж байгаа нь мөнгөний үнэ цэнийг гүйцэхгүй унаж байдаг юм. Харин та өөрсдийн байгуулсан банкаар таны мөнгөн хөрөнгө жилд 10%-с доошгүй өсч, өөрийнхөө байр орон сууцыг санхүүжүүлэх боломжтой. Өнөөдөр Монголд 5,4 тэрбумаар үнэлэгдэж буй Төмөр Замын төсөл байна. Түүний 20%-ийн хувьцааг дээрх мөнгөн хөрөнгийг нэгтгэснээр авах боломжтой гэж үзэхэд та бидэнд ямар том хүч, санхүүгийн боломж байгаа нь бидний нэгдэл зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Ингэснээр та бид санхүүгийн болон бусад салбарт өөрсдөө ажиллах ажилын байр бий болох бөгөөд эх оронд чинь таны амьдрал баталгаатай болох юм. Энэ бол зөвхөн бидний л санал болохоос биш, та бүхнээс илүү үнэтэй санал гаргана гэтэгт бид бат итгэлтэй байна.

Та бүхэний үнэнч анд үүсгэн байгуулагч, санаалагчид: 
Ж.Түвшинбат,
Т.Эрхэмбат,
П.Энхбаатар

No comments:

Post a Comment