Wednesday, February 4, 2015

ХАРААТ БУС БАЯЛГИЙН САНГИЙН ТАЛААР: ЦУВРАЛ№ 1

ХАРААТ БУС БАЯЛАГИЙН САН (MONGOLIAN SOVEREIGN WEALTH FUND)-ЫН ТУХАЙ

Баялгаасаа болж олон орон баяжсан байхад, зарим нь ядуурч байна. Адилхан баялаг ихтэй орнуудын зарим нь ямар арга зам, тогтолцоо, удирдлагаар хөгжөөд байгааг судалж, Монгол улсад хэрэгжүүлэх нь өнөөгийн хойшлуулшгүй зорилт болж байна. Хөгжсөн орнуудын амжилтын гол түлхүүр нь ашигт малтмалын нөөцийг зөвхөн ашиглахад гол анхаарах бус, харин түүнийг улс орны хөгжилд хамгийн ашигтайгаар зориулах, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх, хойч үедээ нөөц бий болгон үлдээх шинэ арга хөшүүрэг болгон Үндэсний баялгын сан байгуулан хөгжиж буй явдал юм. Дэлхийн олон улс энэ зорилгыг хэрэгжүүлэх нэг гол арга болгон “Баялгийн сан” байгуулан баялгаа үр ашигтай ашиглан хөгжиж байна. Байгалийн баялгийн нөөц ихтэй 40 гаруй орон өнөөдөр “Үндэсний Баялгийн 60 гаруй сан” (Sovereign Wealth Fund) байгуулан хөгжиж байна. Зах зээлээс хамтарсан хөрөнгө оруулалтаар, зээлээр, концессоор, IPO гаргах замаар хөрөнгө босгон улс орноо хөгжүүлэхээс гадна байгалийн баялгийн нөөц ихтэй орны хувьд “Үндэсний Баялгийн Сан” байгуулан хөгжих нь илүү үр дүнтэй, итгэл найдвартай, зөвхөн хэрэглэх бус нөөцлөн өсгөх, баялаг нь шавхагдсаны дараа ч үр ашгаа өгдөг оновчтой тогтолцоо гэдгийг эдгээр орны туршлага нотолж байна.

Сүүлийн үед Евро бүсийн орнуудын эдийн засаг суларч Грек, Испани, Итали зэрэг орны эдийн засаг хямралд өртөж байгаагийн нэг шалтгаан нь эдийн засаг нь боломжтой байх үедээ хөрөнгөө нөөцлөөгүй, байгалийн баялагаа ид ашиглаж байхдаа ҮБС байгуулаагүй байсанд оршиж байна гэдгийг сүүлийн үеийн бодит байдал болон ҮБС-тай орны туршлага нотлож буй болно. ҮБС байгуулан дэлхийд хамгийн том Хөрөнгө Оруулалтын байгууллагатай болсон орны жишээ нь Сингапурын Темасек, GIC, Норвеги, Чили, Эмиратын Баялгийн сангуудюм.

Баялгийн Сан (ҮБС) буюу Soveriegn Wealth Fund (SWF)

Одоо Үндэсний баялгийн 60 сан буй бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 5 триллион ам.доллараас давсан байна. Эдгээр сангуудын филосифи нь баялаг нь ард түмэнд үр ашгаа өгч, ирээдүй хойч үедээ нөөц үлдээн, боловсрол эзэмшүүлэх, тухайн орны хөгжил цэцэглэлтийн аль ч төсөлд хөрөнгө оруулдагаараа бусад хөрөнгө оруулалтаас ялгаатай болно.

Түүхэн товчоо:

Анхны БС нь 1953 онд Кувэйт улсад "Kuwait Investment Authority" нэртэй газрын тосны орлогоос байгуулагдаж байсан бөгөөд одоо тус сангийн хөрөнгө нь 300 тэрбум доллар болсон байна. Түүний дараахан 1956 онд Кирбат улс нь БС байгуулсан бөгөөд энэ 100 000 хүн амтай жижиг арлын улсын БС-ийн хөрөнгө нь 600 сая доллар болтлоо өсчээ. 2000 оноос эхлэн БС нь хурдтай хөгжиж байгаа бөгөөд 1976 онд газрын тосны орлого болох 400 сая долларын эх үүсвэртэй байгуулагдаж байсан Арабын Нэгдсэн Эмиратын сан одоо 627 тэрбум доллар болж өссөн байна. Норвеги улс 1990 онд газрын тосны орлогоороо “Government Pension Fund-Global” нэртэй байгуулж байсан бол одоо тус сангийн хөрөнгө нь 556 тэрбум ам.доллар болж, Норвегын дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ 2 дахин илүү өсөөд байна.

Сингапур нь 1974, 1981 онуудад "Temasek Holdings", “Government Investment Corporation” нэртэйгээр сан байгуулсан нь тухайн улс олон улсын санхүүгийн төв болох гол түлхэц нь болсон байна.

Энэ мэтчилэн Арабын Эмират, Норвеги, Аляск, Катар, Оман, Солонгос, Чили, Хятад, Австрали, Орос, Казакстан гэх мэт олон орон ҮБС-г амжилттай ашигласнаар улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Үйл ажиллагааны зарчим:

Гадаад улс орнуудад ҮБС-ууд нь бүгд өөр өөрийн онцлогтой, тусгайлсан зориулалттай, эх үүсвэрийн хувьд мөн олон янз бөгөөд сонирхлын зөрчилтэй нөхцөл үүсэхээс сэргийлэх, үүний тулд юуны урьд сангийн тодорхой хэсгийг, эсвэл бүгдийг дотооддоо хөрөнгө оруулахгүй байх, сангийн хөрөнгийг барьцаалж зээл олгох, авахыг хориглох, ил тод байдлыг дээд зэргээр хангах, менежментыг өндөр түвшинд явуулах, хяналтыг хүчтэй тавих зэрэг журам үйлчилж байна.

БС-н хөрөнгийг  аль болох өсөн үржиж болох нөхцлөөр байршуулах, хөрөнгө оруулалт хийх, сангийн менежментийг олон улсын туршлагатай байгууллага, өндөр түвшний мэргэжлийн багийн зөвлөмжтэйгээр Удирдах зөвлөл шийдвэрээ өөрсдөө гадны оролцоогүйгээр гаргахыг  чухалчилдаг юм байна.

Засгийн газар сангийн хөрөнгийн гадаадад байршуулах хэсэг буюу ҮБС-аас зээл авах, сангийн хөрөнгийг бусад зориулалтаар зарцуулах, барьцаалах эрхгүй, харин сан нь өсгөж арвижуулсан хөрөнгөөсөө Засгийн газарт болон бусад сангууддаа зузаатгал, шилжүүлэг хийдэг юм байна. Сангийн хөрөнгийг зарцуулах бодлого нь түүний зориулалтаас хамаардаг. Тухайлбал: сан нь хуримтлалын, тогтворжилтын, эсвэл хоёуланг нь хослуулсан зориулалттай юу гэдгээс хамаарч янз бүр байна. Ихэнх орны туршлагаас үзэхэд сан нь төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг “буяны”, эсвэл “өглөгийн” сан биш бөгөөд голдуу хуримтлалын алс ирээдүйн, эсвэл гарцаагүй байдлын үеийн зориулалттай байдаг. Үүний хамт БС нь хөрөнгө оруулалтыг эдийн засгийн уул уурхайгаас бусад салбар, ялангуяа дэд бүтэц, нийгмийн салбарт зориулан улс орны эдийн засгийг жилд хөгжих боломжоор хангадаг.

2007 онд ОУВС-ийн гишүүн 185 орны Сангийн сайдуудын бүрэлдэхүүнтэй Олон улсын валют санхүүгийн хорооны ажлын групп байгуулж, баялгийн хуримтлалын хараат бус сангийн хөрөнгө оруулагчид болон сангийн хөрөнгө ашиглагч нарт тохиолдож буй гол асуудлуудад судалгаа хийх үүрэг бүхий Баялгийн Хуримтлалын (БХ) Сангийн Олон Улсын Ажлын хэсэг (БХСОУАХ) байгуулсан. Уг ажлын хэсгийн хурлаас баялгийн Хуримтлалын сантай холбогдсон “нийтээр зөвшөөрөгдсөн зарчим ба практик” гэсэн эмхтгэл гаргаж, баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зорилгыг тодорхойлон, “Сантьягогийн зарчим”-ыг баталжээ.


Уг баримт бичигт Баялгийн Санг байгуулахтай холбогдсон 24 зарчим тусгагдсан бөгөөд санг байгуулахдаа үүнийг гол удирдлагаа болгодог байна. Олон улсын ажлын хэсгийн ажиллагаанд Вьетнам, Оман болон Саудовын Араб зэрэг улсууд ажиглагчаар оролцдог.



Түүнчлэн БС-г судалдаг, тус сантай холбоотой мэдээллээр хангадаг, үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгдөг БС-ийн институт нь "Linaburg - Maduell transparency index" ил тод байдлын 10 зарчим баталж гаргасан бөгөөд улиралд нэг удаа дэлхийн Баялгийн сангуудын ил тод байдлын рэйтингийг  гаргаж нийтэд мэдээлдэг байна.


Linaburg-Maduell-ын 10 зарчим:


1. Байгуулагдсан түүх, байгуулах болсон шалтгаан, баялагийн эх үүсвэр, Засгийн газрын мэдэлд байдаг эсэх зэргийг зарласан байдал.
2. Жил бүр бие даасан аудитын шалгалтын үр дүнг мэдээлсэн байдал,
3. Хувь эзэмшигчдийн хувь газар зүйн байршлыг мэдээлсэн эсэх,
4. Сангийнхаа зах зээлийн нийт үнэ, ашиг, менежментийн зардлаа  мэдээлсэн эсэх,
5. Ёс зүй, хөрөнгө оруулалтын бодлогын талаар удирдамжтай эсэх,
6. Тодорхой стратеги болоод зорилготой эсэх,
7. Боломжтой бол салбараа хаягтай нь мэдээлсэн байдал,
8. Гадны менержертэй бол түүнээ мэдээлсэн байдал,
9. Өөрийн гэсэн веб сайттай эсэх,
10. Гол оффисийнхоо хаяг, холбогдох утас, факсын дугаараа мэдээлсэн байдал

БС нь хоорондоо нягт уялдаатай ажилладаг бөгөөд ажлынхаа үр дүн, цаашдын  зорилтоо ээлжит хурал чуулганаараа хэлэлцдэг уламжлалтай юм байна. Жил бүр БС-тай орнуудын БС нь саммит (summit) зохиогдож тулгамдсан асуудлаа хэлэлцэж харилцан бие биенээсээ суралцаж туршлагаа хуваалцдаг юм байна. Энэхүү форумд голдуу БС-тай орнууд орох эрхтэй боловч сангүй орнуудын төв банк, сангийн яам болоод зарим холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцдог юм байна.

Баялагийн сан байгуулахын ач холбогдол

1.  Байгаа нөөцөө ашиглан эдийн засгийн найдвартай суурь бааз бий болгох. Гаднаас асар их хөрөнгө оруулалтыг татсанаар өнөөдөр шаардлагатай байгаа уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, нийгтийн дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх боломжтой болно.



Хэрхэн: Монголын Баялагийн сан нь олон улсын сангуудын гэр бүлийн (клубын) гишүүн болж гадаад улс орнууд, үндэсний баялгийн янз бүрийн сангууд, санхүүгийн олон улсын байгууллагуудтай харилцан, хамтран хөрөнгө оруулалтад найдвартай түнш орон болсоноор гадаадын хөрөнгө оруулалтыг тулгамдаж байгаа секторууддаа татах, томоохон төслүүддээ зориулан дээрх сангуудаас хөрөнгө босгох боломжтой болно.

2. Монгол улсын эдийн засгийн чадавхи бэхжиж, тусгаар тогтнл, Үндэсний аюулгүй байдал тогтворжино.

Хэрхэн: Найдвартай хөрөнгө оруулалтыг бусад гадаад орны сангуудтай харилцах журмаар татна. Эдгээр сангуудын эх үүсвэр нь тухайн орнуудын засгийн газрууд, төрийн мэдлийнх байдаг тул хөрөнгө оруулалт нь найдвартайгаас гадна тухайн сан бүхий орнуудын үндэсний эрх ашиг, сонирхолын цар хүрээ нэмэгдэж, Монголын тусгаар тогтнол аюулгүй байдлын баланс хөгжинө. 

Монгол улс гадаад улсуудын ашигтай төсөлд хөрөнгө оруулснаар бүс нутгийн дэд бүтэц болоод эдийн засагт идэвхтэй оролцох боломж бүрдэж, олон улсад болон гадны хөрөнгө оруулагчдад Монгол улсын нэр хүнд, эзлэх байр суурь өснө. Мэдээж оруулсан хөрөнгөнөөсөө ашиг хүртэнэ.

Монгол улсын эдийн засаг, төсөв нь дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хараат бус байх боломж бүрдэнэ.

3.  Ирээдүй хойч үедээ өнөөдрийн сэргээгдэхгүй баялгийн үр өгөөжийг шударгаар хүртээж, материаллаг хөгжил болон санхүүгийн нөөц үлдээнэ.

Хэрхэн: Баялгийн сан байгуулсанаар улсын мөнгөн сан, гадаад валютын сан нөөц ихэссэнээр хойч үедээ хөрөнгө оруулж ирээдүйгээр баталгаажуулсанаар өнөөгийн хүүхэд залуусын ирээдүйдээ итгэх итгэл сэргэж, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж харж улс орон, төр засагтаа итгэх итгэл, хүндлэл нь ихэснэ. Ингэснээр Монгол хүний үндэсний бахархал, омогшил сэргэж эх оронч үзэл нь улам сайжирснаар улсын аюлгүй байдал дотроосоо бэхжинэ.

4.  Санхүү, эдийн засаг, менежмент, удирдлагын чиглэлээр маш чадвалаг үндэсний боловсон хүчнээ бэлтгэж авах боломжтой.

Хэрхэн: Баялгийн Сан нь багтаа гадаад болн дотоодын санхүү, эдийн засгийн өндөр мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин ажиллуулах тул монгол залуус дээрх хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, дэлхийн санхүү, эдийн засгийн өндөр мэргэжилтэнүүдтэй харилцаж, тэднээс суралцах боломжтой болох юм.

Санхүүгийн мэргэжилтэнүүдийг сургаж дадлагажуулсанаар эдийн засаг дахь оюуны чадавхийг хөгжүүлнэ. Дэлхийн бусад Баялагийн Сангууд тогтмол уулзалт хурал форум зохиож, шаардлагатай үед сургалт семинар зохион явуулдаг уламжлалтай. Үүгээр дамжуулан Монголын санхүүгийн, ялангуяа мэргэжилтэнүүд дэлхийд нэрд гарсан санхүүчидтэй шууд харилцаж, сурч дадлагажих боломжтой юм.

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ПРОФЕССОР, СУДЛААЧ: Э.БЯМБАЖАВ

No comments:

Post a Comment