Thursday, February 12, 2015

Ирээдүй үеийхэнд

                                  Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа           
 
                                                                                                            2014 оны 9-р сарын 15

           Саяхан Блүүмберг сувгаар “АМЕРИКИЙГ БҮТЭЭСЭН ЭРХМҮҮД” киноны цуврал гарав. Цувралиийн төгсгөлд ”АМЕРИК ЦАГ ХУГАЦААГААР ХӨГЖӨӨГҮЙ, АМЕРИКИЙГ ТЭД БҮТЭЭСЭН ЮМ” гэсэн үгээр дуусгав.
        Америкийн тэр эрхмүүдийн бүтээсэнтэй тэнцэж ч  мэдэхээр том боломж өнөөөдөр  Монголд тохиолдож байна.
        Энэ бол Оросоос Хятад руу нийлүүлэх Алс Дорнодын баялаг түүнийг Монголын нутгаар дайруулан нийлүүлэх том сувгийн боломж.Алс Дорнод буюу Сибирийн байгалын хийн нөөц 46 их наяд тонн,түүхий нефтийн нөөц 100 гаруй тэрбум тонн,мэдээж Сибирийн усан цахилгаан станцуудын илүүдэл эрчим хүч.
         Энэ гурван том баялгийг Оросууд Хятад руу урсгах “ нейтрол зона”-ыг л хайж байна.Путин ч “ СИЛА СИБИРА”төслийнхөө нээлтийг хийчихлээ.Амур,Владивосток руу тавих хоолойн зураг үзүүлээд л байгаа. Цэвдэг ууланд туннель гаргаж хэн ч чадахгүй гэж олон ч  мэрэгжилтнүүдээс сонслоо.Манайтай л хийх хэлэлцээрт зориулсан зураг дөө.Оросын Тува дахь манай Таван толгойгоос 2 дахин том коксын ордоос яагаад өөрсдийнхөө төмөр зам руу холбохгүй  манай Завханы Тэсээс Эрдэнэт рүү ТЭЗҮ-гээ хийцгээе гэж байгаа нь мөн цэвдэгт тулаад л манайхаар  дайруулан төмөр замаа холбох гэснээс биш Монголд энэ зам ач холбогдолоор тун бага.       
          Оросын Алс Дорнодын Яамны сайд Донской-энэ 11 сард болох  Газпром,СNPC-ийн уулзалт шийдвэрлэнэ.Монгол улсын нутаг дэвсгэрээр  дайран өнгөрөх нь  дөт бөгөөд хөрөнгө оруулалтын хувьд ч ашигтай санал боловч энэ нь Монголын талаас өөрсдөөс нь л шалтгаална гэж мэдэгдэж байгаа нь цаг хугацаа хамгийн чухал,хамтрагч маань хэн  байх  вэ?хир найдвартай хамтрагч бидэнтэй хэлэлцээр хийх нь вэ?гэдгээр л гэж харж байна.
          Өнөөдөр зөвхөн байгалийн хийн тухай ярьж байна маргааш нефтийн хоолой,нөгөөдөр эрчим хүчний шугам ярих нь ч тодорхой.Иймд хоёр том гүрны хооронд явагдах их урсгалд зориулсан тодорхой нэгэн зурвас газрыг  Монгол улсын ерөнхийлөгч та  Оросын талд хүсэлт гаргасан тул Монголын төр ямар ч л гэсэн шийдвэрлэх л байх.
                                                   Гэхдээ...
          ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр зурагдсан 15 гэрээ,санамж бичгийн дагуу хамтран ажиллах  Гэрээ болон санамж бичгийнхээ үүргийг биелүүлэх,төмөр замаа хос болгох,цахилгаанжуулах,Завханы  Агт боорчийн боомтоос Эрдэнэт хүртэлх төмөр замын ТЭЗҮ-г хийх зэрэг маш их ажил манай Засгийн Газарт бий. 
          Харин стратегийн гээд хэнд ч өгдөггүй төмөр замдаа  л хөрөнгө оруулж оруулж чадаж байна уу гэдэг л Засгийн Газрын санаа зовох асуудал. Харин манай талаас хүсэлт болгосон хийн хоолой,нефть дамжуулах,эрчим хүчны шугам зэрэг төмөр замаар болон авто замаар тээх боломжгүй ачааг дамжуулах шугамд газар түрээслүүлэхээс өөрөөр хамтрах боломж манай Засгийн Газарт байхгүй.Тэгээд ч ерөнхий зарчмын гэрээг л Засгийн Газар хоорондын гэрээгээр хийх  боловч Оросын талаас ч мэдээж  аж ахуйн нэгж,харин манай талаас ч заавал Засгийн Газар байх ч ёсгүй.
      Өнөөдрийн төрийн эрх баригчид  гаднаас зээл авч орон нутгийн авто замуудыг 50,50 иар нь аж ахуйн нэгжүүдэд шууд гэрээгээр хувиарлан бонус  авч,Бага нуурын нүүрсыг хямд үнээр авч, шуудайлахдаа гаршсан, ихэд туршлага хуримтлуулсан тул авто зам, агаарын болон төмөр замаа хуваагаад ч гэсэн  бонус унагаах сонирхолтой.
       Путин,Си жиньпин хоёрын уулзалтанд ямар дүгнэлт өгч байна гэж асуусан сэтгүүлчийн асуултанд -Хоёр багий уулзаа л биз.Надад ямар хамаа байсан юм гэж хариулж байгаа хүн өнөөдөртөө Засгийн Газрыг толгойлж байгаа үед үү?
        Оросын тал энэ төсөл дээр Монголын Засгийн Газрыг найдвартай түнш гэж үзэх үү?
        Энэ төслийг төрөөс Хараат Бус Баялагын Сан байгуулах замаар сангийн эх үүсвэр болгон ашиглах тухай   хувилбарийг   төрийн дээд байгуулга болох УИХ-д танилцуулж намрын чуулганаар яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
        Эрхэм гишүүдэд Монгол улс зөвхөн цаг хугацаагаар  л хөгжиж яваа гэдгээ ухамсарлаж,энэ түүхэн боломжийг  Монголын  түүхэнд  алтан үсгээр бичигдэх том шийдэл гэдгийг сануулж байна.
                                  ХҮҮХЭД ЯМАР Ч БУРУУГҮЙ.
       Урагшгүй  удирдагчид,унхиагүй эцэг эхээс болж хүүхэд хохирох ёсгүй. Тэд  өлсөх, даарах,өвдөх ёсгүй.
       Тэд  18 нас хүртлээ ажил хийх эрхгүй,баялаг бүтээгчид биш,харин сурах зөв хүн болж хүмүүжих ёстой.
       Тэдэнд очих ёстой тэр халамжийг манай төр засаг ч,эцэг эх ч,өнөө үеийнхэн бид өгч чадаж байгаа юу?
        Харин тэдэнд энэ төсөлд хөрөнгө оруулах нэг л бололцоотой эрх бий.Гэвч тэд хэн нэгэн асран хамгаалагчгүйгээр газрын өмчийн сонголт хийж чадах бил үү?
       Тэр нь нэг  удаа үнэ төлбөргүй 0,7 га газар өмчлөх эрх.
       Газар өмчлөх 52 байршлийг иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлж эхэллээ.
       Энэ 52 байршил дахь газрыг насанд хүрсэн хүн бүрт хувиарлан 18 наснаас дээших насныхан  буюу баялаг бүтээгчид ямар бүтээн байгуулалт бий болгох нь өөрсдийнх нь асуудал.
        Харин 53 дахь байршлийг  хүүхдүүдийнхээ 0.7 га газрын эрхийн бичгүүдийг цуглуулж нэгж хувьцаа болгон баялаг бүтээгч насанд хүртэл нь эзэмшүүлэх хэлбэрээр дээрх төслийн түрээсийн газар болгох санал  байна.
        Улс төрийн “сүгсэлзүүрүүд”-ийн ч хүүхдүүд ер нь хэний ч хүүхдүүд энэ газрын өмчлөгчид байх  тул эсэргүүцэл гарах магадлал бага байх.
        Монгол улсын хойд хилээс урд хил хүртэлх 1100 км зайг 1 км-ийн өргөнтэйгээр суваг гаргана гэвэл 110000 га болно. Түүнийг 0,7 га-г нэгж хувьцаа гэж бодвол нэг сая гурван зуугаад мянган хүн өмчтэй болж, газрын түрээсээр амьжиргаагаа залгуулах боломж бий болох нь.
       Эхний ээлжинд хүүхдүүд боловч хувьцаа үлдвэл тэтгэврийн насныханд ч боломж байна. Улс төрөөс ангид, ямар ч нам нь ялж байсан өөрчлөгдөхгүй, Монголын төрөөс хараат бус, тухайн сувгийн  газрын өмчлөгч хамтрагчтайгаа хязгааргүй хугацаагаар шийдвэрлэх нь Оросын талын сонирхолтой нийцнэ гэж үзэж  байна.
        Энэ нь нэг талаасаа Украйны асуудал шиг улс төрийн нөлөөгөөр хаагдахгүй нөгөө талаасаа өрнөдийн орнуудын улс төрийн нөлөө үзүүлэхгүйн  баталгаа юм.
        Монгол Улсын ерөнхийлөгч  таны  хэлсэнчлэн Ази Европыг холбосон энэхүү интеграчлалаас Монгол улс үлдэх ёсгүй.
         Гуравдах хөршийн бодлого буюу улс төрийн дарамт шахалтаар  энэхүү боломж хаагдах ёсгүй.
          0-18 нас хүрээгүй  бүх хүүхдүүдэд энэ эрх нь нээлттэй бөгөөд 18 нас хүрэхэд нь үлдэгдэл мөнгөөрөө  цаашид суралцах сургалтын зардал,эсвэл бизнэсээ эхлэх гарааны мөнгөтэйгээр гарч дараагийн төрсөн хүүхэдэд нь  эзэмшил нь  шилжих хэлбэрээр шийдвэл ирээдүй болсон хүүхдүүддээ маш том боломж,нийгмийн хамгаалал, халамжийг давхар шийдэх юм.
     
                            ХҮН БҮРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТҮҮХЭН БОЛОМЖ
      Байгалын хий,нефть,эрчим хүчний дамжуулах энэ газарт Оросын гурван том компани  тасралтгүй үйл ажиллагаа явуулж байнгын ашигтай байх тул газрын түрээсийн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж  төлөх юм.Үнэ төлбөрийг мэдээж  Оросын талтай хийх хэлэлцээрээр шийдвэрлэгдэнэ.
     Харин дараагийн алхам бол тухайн газар дээрх  Орос Монголын хамтарсан үйлдвэрийн энэхүү төсөлд Монголын аж ахуйн нэгжүүд, иргэд хөрөнгө оруулах  боломж  юм.
     Монголчууд бид энэ том төслийн их биш хувийг нийт дүнгээрээ эзэмшсэн ч гэсэн мөнгөн хөрөнгөө арвижуулах цаашилбал ямар замаар олсон нь ч  хамаагүй гадаадад хадгаламж эзэмшигч манай иргэдэд ч  том боломж гарах юм.
      Энэ төслийг Оросын менежмэнтийн баг удирдах нь мэдээж боловч дор хаяад туслах ажилтан, харуул хамгаалалтанд нь олон ажлын байр бий болж  монголчууд бид л  ажилтай болно.
      Гэрээ хэлэлцээрээр тохирч  л чадаад Монгол улсын нутаг дэвсгэр дээр  хамтарсан үйлдвэр байгуулагдах тохиолдолд   Эрдэнэт,Оюу толгойгоос ч дутахааргүй том татвар төлөгч болж татвараа шударгаар төлөхөд л  Монголын Засгийн Газар татварын хэлбэрээр  чамгүй мөнгө хүртэнэ.
      Ингэснээр бид бусдын баялагыг дамжуулагч хуурай замын “Панамын суваг”тай болно.
      Манайх томоохон хөрөнгө оруулагчдийн сонирхолыг татах томоохон төсөл багатай улс.
     Ялангуяа 2-3 улсын хил дамнасан  энэ“ МЕГА төсөл” бол зөвхөн  мөнгө  ч биш харин том баялаг гэж харж бидний хувьд олон улсын зах зээлээс  болон гуравдах хөршүүдээс, Баялагын сангуудаас ч “Сангуудын сан “байгуулах замаар хөрөнгө оруулалт  татах боломжтой бөгөөд тэр хирээрээ манай улсын тусгаар тогтнол улам бэхжих болно.                                                                                                                                 

 Хүндэтгэсэн:                                                 FALCON CAPITAL Хөрөнгө оруулалтын компаны
                                                                          Ерөнхийлөгч                   Ж.Түвшинбат

  

Баялгийн сангийн хуулийн үзэл баримтлал

Төсөл
2013-01-08

 “МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ХАРААТ БУС
НЭГДСЭН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”ИЙН  ТӨСЛИЙН ҮЗЭЛ
БАРИМТЛАЛ

Манай улсад одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хүний хөгжил, нийгмийн халамж, улс ардын аж ахуйн салбаруудын хөгжилтэй холбоотой төсвийн буюу уул уурхайн орлогын эх үүсвэртэй сангуудийн тогтолцоо,  удирдлагын талаар  хийсэн бодлогын судалгаа, дэлхийн зарим улс орнуудад амжилттай хэрэгжүүлж,  үр дүнд хүрч байгаа сангуудын талаар түүвэрлэж нэгтгэсэн судалгаа,  сангийн тогтолцоо,  үр дагаврыг харьцуулан судалсан шинжилгээ зэргийг үндэслэн Монголын хөрөнгө оруулалт, хөгжлийн хараат бус нэгдсэн сангийн тухай хуулийн хууль зүйн үзэл баримтлал, агуулга, хэлбэр багтаамжийг тодорхойлоход баримтлах шалгуурыг  ангилж, Монгол Улсын төсөв, сангийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудын үндэслэл, шаардлага, бусад орны жишгийг харьцуулах замаар Монголын нөхцөлд тохирох хувилбар гэж үзэн энэхүү баримт бичгийн төслийг  санал болгож байна.

Нэг.Хуулийн төсөл боловсруулах  үндэслэл,  шаардлага

1.1. Өнөө үед дэлхийн улс орнууд  ашигт малтмалын нөөцийг зөвхөн ашиглахад гол анхаарах бус, харин түүнийг улс орны хөгжилд хамгийн ашигтайгаар зориулах, үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилах,урт хугацааны хөгжлийн үндсийг тавьж, хойч үедээ нөөц бий болгон эдийн засгийнхаа хөгжлийн оновчтой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Дэлхийн олон улс энэ зорилтыг хэрэгжүүлэх нэг гол арга болгон “Үндэсний Баялгийн сан” (Sovereign Wealth Fund) байгуулан баялгаа үр ашигтай ашиглан хөгжиж байна. Одоогоор дэлхийн 40 гаруй оронд 60 гаруй үндэсний баялгийн сан үйл ажиллагаагаа явуулж байгаа  бөгөөд  эдгээр сангуудын нийт хөрөнгө нь 5,0 триллион гаруй доллар болжээ. Томоохоноос нь дурьдвал Арабын Нэгдсэн Эмират, Норвеги, Кувейт, Хятад, Чили, Хонг Конг, Сингапур, Орос, Канадын сангуудыг нэрлэж болох юм. 1976 онд газрын тосны орлого болох 400 сая долларын эх үүсвэртэй байгуулагдаж байсан Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Давигийн  сан 627 тэрбум доллар болж өссөн байна. Олон улсын жишгээр Үндэсний Баялгийн Сан нь жилдээ дунджаар 12-17%-ийн ашиг оруулдаг юм байна. Ийм хөгжлийн нэгдсэн сан байгуулан хөгжих нь илүү үр дүнтэй, итгэл найдвартай, зөвхөн хэрэглэх бус нөөцлөн өсгөх нь илүү давуу гэдгийг олон орны туршлага нотолж байна. 2000 оноос хойш Үндэсний Баялгийн сангууд (ҮБС) асар хурдтай хөгжиж  байгаа юм байна.
Манай орны хувьд ч ийм санг жинхэнэ утгаар нь байгуулж хэрэгжүүлбэл улсын хөгжил дэвшилд жинтэй түлхэц болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татсанаар уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, нийгмийн дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх боломжтой болж эдийн засгийн хөгжлийг хурдасган цаашид найдвартай хөгжүүлэх үндэс суурь бэхжинэ.
            1.2. Манай улсын хувьд өнөөдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу байгуулан зарцуулж байгаа 29 сан, аймаг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, олон улсын гэрээний дагуу байгуулагдах сан, гамшгаас хамгаалах сан, малын хулгайгаас сэргийлэх сан,орчны бүсийн сан гэх зэргийн 10 гаруй төрлийн олон сангууд үйл ажилагаагаа явуулж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу байгуулагдсан 29 сангийн 2010-2011 оны орлого, зарлагын байдлаас үзэхэд эдгээр сангуудаар дамжин 1,5-2,5 их наяд төгрөг зарцуулагдаж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төвсийн нийт орлогын 50-65 хувь, зарлагын 30-56 хувьтай тэнцэх маш их хэмжээний мөнгө бөгөөд 2011 оны эцэст гэхэд эдгээр сангуудад 760 тэрбум төгрөг үлдсэн байгаагаас үзэхэд эдгээр сангууд Монгол Улсын үндэсний орлогод ямар үр нөлөө үзүүлдэг болох, иргэдийн амьдралд ямар өгөөжтэй байв гэдгийг авч үзэх шаардлагатай болсныг харуулж байна.

Хүний хөгжилтэй холбоотой 10 гаруй сангууд нь иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгох, тэдний эрүүл мэндийг даатгах, үйлдвэрийн осол, ажилгүйдлийг багасгах арга хэмжээ авах, зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамжийг хүртээх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэх, өсвөр үе, хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутан залуусын сурах боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орон сууцны хангамжыг сайжруулах зэрэг хүний хөгжил, нийгмийн хамгаалалттай холбоотой төр засгаас авсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулагдан Монгол Улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний  хөрөнгө зарцуулж байна. Эдгээр сангийн хөрөнгийн бүрдүүлэлтэд нь улсын төсөв голлож, зарцуулалтад нь хуулиар тогтоосон хүний хөгжил, нийгмийн хамгаалалттай холбогдсон зориулалтад чиглэж байгаа боловч эдгээр их хөрөнгийг менежментээр арвижуулан өсгөж үр ашгийг нэмэгдүүлэн ашиглах явдал үндсэндээ байхгүй байна. Хүний хөгжилтэй холбоотой сангийн хөрөнгийг зөвхөн зарцуулах чиглэлээр ашиглан өсгөж арвижуулах менежмент байхгүй байгаа нь Монгол Улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийн заалттай ч бас холбоотой байна.
Улс ардын аж ахуйн  салбаруудын хөгжилтэй холбоотой 10 гаруй сангаар ДНБ-ний 10 гаруй хувь, хөрөнгө оруулалтын 50 хувьтай /2011 оны гүйцэтгэлээр/ тэнцэхүйц  бага хөрөнгө  зарцуулагдаж,  сүүлийн үед эдгээр сангийн хөрөнгө өссөөр байгаа хэдий ч  сан тус бүрийг авч үзвэл  тэдгээрийн зарцуулалт,  үр ашиг хангалтгүй байгааг судалгаа харуулж байна.
 Өнөөдөр манайд ажиллаж байгаа сангуудын үйл ажиллагаа чиг үүрэг нь зөвхөн орлогыг дахин хувиарлах үүргээ биелүүлж, эдийн засгийн өсөлттэй үед нь сангийнхаа хөрөнгийг зузаатгах үүрэг нь хаягдсаар иржээ гэсэн дүгнэлт гарч байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд зориулалт бүрт нь “САН” гэдэг нэр зүүсээр өнөөдөр 40 гаран сантай болсон нь аливаа нэг салбарын асуудлаар хууль гарах бүрт зорилтот сангууд нэмэгдсээр байна. Ийнхүү сан байгуулснаар тухайн асуудлыг шийдвэрлэсэн юм шиг байдал бий болж, хэт олон сан байгуулж,  төсвийн хөрөнгийг олон эрх мэдэлд цацан срниулж, илүү үр дүнд хүрэх боломжийг  ашиглахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Гадаад орны сангуудад нийтлэг мөрдөгдөж байгаа “сан ил тод,  тунгалаг нээлттэй байх, үүрэг хариуцлага тодорхой,  ялгаж салгасан байх,  менежмент нь хараат бус,  сан нь илүү давуу эрх,  Засгийн газрын нөлөөлөлгүй байх, хяналтын бүтэцтэй,  хяналтад төр засгаас гадна иргэний нийгэм,  төрийн бус байгууллага, иргэд оролцох, мэдээлэл авах боломжтой байх зэрэг зарчмууд  манай сангуудын холбогдох хууль тогтомжид  бараг тусгагдаагүй байгааг өөрчлөх шаардлага тавигдаж байна. 

Дээр дурьдсанаар Монголын сангууд үндэсндээ ямар ч менежментгүй,  сангийн хөрөнгийг зарцуулахад л гол ажил,  үйл ажиллагаа чиглэж байгааг өөрчилж, зах зээлийн зарчмын дагуу сан нь өсөн арвижиж байдаг,  тэр нь найдвартай,  баталгаатай байхаар тогтолцоо,  удирдлагын  арга зүйг тогтоох шаардлагатай болсон байна. Ийм байдлыг өөрчлөх, улсын эдийн засаг, нийгмийн зорилтыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх, тогтвортой байлгахад зориулсан нэгдсэн сан байгуулан хөгжиж байгаа гадаад орнуудын туршлагаас манайд авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

            Иймд энэ байдлыг өөрчилж зах зээлийн зарчмын дагуу сан нь өсөн арвижиж байдаг, тэр нь найдвартай, баталгаатай байхаар тогтолцоо, удирдлагын арга зүйг тогтоон заасан хуулийг Улсын Их Хурлаас  батлан мөрдүүлэх  нь зүйтэй хэмээн үзэв.
Хоёр.Хуулийн төслийн зорилт,  хамрах хүрээ

2.1.Энэ хуулийн зорилт нь Монголын сангуудын хөрөнгийг арвижуулах менежментийг хариуцах, салбар сангууд хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагаанд зохицуулалт хийх, хяналт тавих, улс ардын аж ахуйд  хөрөнгө оруулалт хийх гол үүрэг,  зориулалт бүхий Монголын хөрөнгө оруулалт, хөгжлийн хараат бус нэгдсэн сан /цаашид “Нэгдсэн сан” гэх/ үүсгэн байгуулах,  түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.2.Нэгдсэн сан нь дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ:
            а/төрийн сангийн тогтолцоог хамгийн үр ашигтай тогтолцоог бий болгох, өсгөн арвижуулах,  тогтворжуулах,  тавьсан зорилтоо чанд хэрэгжүүлдэг болгох;
            б/эдийн засгийн бүх салбар дахь хөрөнгө оруулалт, юуны урьд гаадаадын шууд хөрөнгө оруулалтыг үлэмж өсгөх;
            в/хойч үеийнхээ  төлөө үндэснийхээ баялгийг нэмэгдүүлэн арвижуулах.
2.3.Нэгдсэн сан, түүний салбар сангаас бусад Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллаж байгаа сангийн үйл ажиллагаа энэ хуульд хамаарахгүй.
Гурав. Нэгдсэн сангийн  баримтлах зарчим, түүний үйл ажиллагаа,
            3.1. Нэгдсэн сан нь тус сангийн бүрэлдэхүүнд орж буй сангуудын зорилтыг хэрэгжүүлэхэд  шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээр хангах, ерөнхий удирдлага,  зохицуулалтыг хэрэгжүүлэх,  хангаж,  хяналт тавих, нэгдсэн сангийн хөрөнгийг  арвижуулах менежментийг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий хараат бус,  бие даан үйл ажиллагааг явуулдаг, ашгийн төлөө  хуулийн этгээд байна.
            3.2. Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Нэгдсэн санг өөрчлөн байгуулах, татан буулгах,  үйл ажиллагааны чиглэл, зарчмыг өөрчлөх  асуудлыг зөвхөн хуулиар шийдвэрлэнэ.
           
3.3. Нэгдсэн сан нь дараах гол  зарчмыг хангасан байх тогтолцоог хэрэгжүүлнэ:

а/ Нэгдсэн сангийн  гол цөм, оршин тогтнож баттай хөгжихийн утга учир болсон “нэг төвлөрсөн” удирдлагатай байж сангийн зорилтыг хэрэгжүүлэх;

б/ сангийн хөрөнгийн хэмжээ нь амжилтын маш  чухал хүчин зүйл бөгөөд  аль болох боломжийн цар хүрээтэй байж, хөрөнгийн  бат бөх нөөц төвлөрсөн байдал нь төрд эрх мэдлээ  үр ашигтайгаар хэрэгжүүлэх санхүүгийн  хүчийг олгох зарчмыг хэрэгжүүлэх;

в/ эдийн засгийн бүхий л салбарт юуны өмнө эрүүл мэнд,  боловсрол, эрчим хүч,  хүнсний аюулгүй байдал,  харилцаа холбоо,  жижиг, дунд бизнесийн хөгжил, тээвэр зэрэг гол гол салбаруудад  чиглэсэн хөрөнгө оруулалт,  түүний дотор гадаадын шууд хөрөөнгө оруулалтыг  өсгөн эрчимжүүлж,  макро эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд туслах;

г/ байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцөөс олж буй баялгийг хамгийн оновчтой  ашиглан ирээдүйнхээ төлөө хуримтлуулж хадгалах, эдийн засгаа тогтвортой өсөлтөд хүргэхэд  өндөр мэдлэг,  чадвартай сайн менежмент нь санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг хэрэгжүүлэх;

            Эдгээр зарчмууд хоорондоо салшгүй холбоотой, нэг нь нөгөөгөөс хамааралтай, нэг нь хэрэгжихгүй бол нөгөө нь тийм ч их ач холбогдолгүй болох гэдгийг чанд баримтална.

            Дөрөв. Нэгдсэн сангийн бүтэц,  үйл ажиллагаа, үндсэн үүрэг, эрх
           
4.1.Нэгдсэн сан дараах бүтэцтэй байна:

            1/Хүний хөгжил сан /12 сан/;
            2/Эдийн засгийн салбарын сан /14 сан/;
            3/Тогтворжуулалтын сан /3 сан/;
            4/Монголын үндэсний баялгийн хараат бус сан.

4.2.Нэгдсэн сангийн үйл ажиллагаа,  үндсэн үүрэг, эрх
           
            -Нэгдсэн сан корпораци хэлбэрээр ажиллах;
            -бие даасан хараат бус байх, аливаа яам,  сайдад харьяалагдахгүй;
            -улс төрийн нөлөөлөлгүй байх;
            -ил тод,  тунгалаг үйл ажиллагаатай байх;
            -харьяа салбар сангуудыг нэгдсэн удирдлагаар хангах;
            -Нэгдсэн сан, салбар сангуудын үйл ажиллагаа, хөрөнгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх;

            -Нэгдсэн сангийн хөрөнгийн менежментийг биечлэн хариуцах,  санг арвижуулах;

            -нэгдсэн сангийн хөрөнгийн хяналтыг гүйцэтгэх.  

4.3. Хүний хөгжил санд дараах сан хамаарна:
1/Нийгмийн даатгалын сан (Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан);
2/Халамжийн сан;
3/Эрүүл мэндийг дэмжих сан;
4/Хүүхдийн төлөө сан;
5/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
6/Сургалтын төрийн сан;
7/Орон сууц хөгжүүлэх сан;
8/Дархлаажуулалтын сан;
9/Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
10/Хүний хөгжил сан (Уг санг цаашид хүүхдийн төлөө сантай нэгтгэх);
11/Хилийн чанадад байгаа Монгол иргэдэд туслах сан;
12/Гэмт хэргийн хохирогчод нөхөн төлбөр олгох сан.

Эдгээр сан нь одоогийн мөрдөж буй хуулийн дагуу байгуулагдсан  сангууд бөгөөд  цаашид нэгтгэх, зарим шинэ зорилт /сан/ нэмэгдэх боломжтой. Энэ сангууд хүний хөгжилд чиглэсэн нийгмийн ба халамжийн, эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг шууд иргэдэд зориулагдсан арга хэмжээ авах, иргэдэд хувь хишиг, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, хүүхдийн мөнгө олгоход санхүүжилт хийдэг тул эдгээрийг нэгтгэн “Хүний хөгжил сан” гэж нэрлэх.

4.4.  Эдийн засгийн салбарын санд дараах сан хамаарна:
1/Соёл, урлаг хөгжүүлэх сан;
2/Байгаль  хамгаалах сан;
3/Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
4/Шинжлэх ухаан, технологийн сан;
5/Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан;
6/ Цэвэр агаарын сан;
7/Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
8/Мал хамгаалах сан;
9/Тариаланг дэмжих сан;
10/Авто замын сан;
11/ Аялал, жуулчлалын сан;
12/Сэргээгдэх эрчим хүчний сан;
13/Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
                        14/ Инновацийн сан.

Эдгээр сан нь мөн одоогийн мөрдөж буй хуулийн дагуу байгуулагдан  ашиглагдаж байгаа  сангууд бөгөөд  уул уурхайн салбарын орлогоор  бусад салбаруудаа дэмжин хөгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж байгаа сангууд болно. 
4.5. Тогтворжуулалтын санд дараах сан хамаарна:
1/Төсвийн тогтворжуулалтын сан;
2/Эрсдэлийн сан;
3/Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан (богино хугацааны арга хэмжээ).

Эдгээр сан нь төсвийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалт, бизнесыг дэмжих, өндөр технологи нутагшуулах, гамшгийн улмаас төсвийн орлого ихээр тасрах, зарлага ихээр нэмэгдэх үед тогтвортой байдлыг хангах зэрэг богино, дунд хугацааны зорилт, арга хэмжээний зорилтыг хэрэгжүүлэхэд зориулан одоо байгуулан ашиглаж байгаа сангууд бөгөөд  цаашид ч санхүүгийн огцом хямрал, үнийн ихээхэн өөрчлөлт, төсвийн болзошгүй алдагдал гарах үед болон Голланд өвчнөөс хамгаалах богино, дунд хугацааны арга хэмжээ авах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагаар зарцуулагдана.
4.6. Монголын Үндэсний баялгийн хараат бус сан:
Монголын Үндэсний баялгийн хараат бус сан (Soveriegn Wealth Fund)-г уул уурхайн орлогоос эх үүсвэртэйгээр шинээр байгуулах. Энэ сан нь Нэгдсэн сангийн урт хугацааны санхүүжилтэй зориулсан хөрөнгийг гадаадад үр ашигтай байршуулан сангаа арвижуулах, сангийн  нэгдсэн менежмент хийж өсгөсөн хэсгээсээ нэгдсэн сангийн бусад салбар санд болон шаардлагатай үед төсөвт зузаатгал, шилжүүлэг хийдэг байхын хамт гадаад орны баялгийн сангуудаас хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бүх салбарт санхүүжилт хийх  үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Тав. Нэгдсэн сан, сангийн хөрөнгийг хуулийн дагуу захиран
зарцуулагч нарын  хоорондын үйл ажиллагааны харилцаа,
уялдаа холбоо

5.1. Нэгдсэн сан (захиргаа) болон тухайн салбар санг захиран зарцуулагч байгууллага нь зохих хуульд заасны дагуу сангийн орлогыг оруулах, санг бүрдүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
5.2.Тухайн сангийн орлогыг найдвартай, баталгаатай байлгах, өсгөн үржүүлэх үүргийг Нэгдсэн сан өөрийнхээ менежментээр хэрэгжүүлнэ.
5.3. Тухайн сангаас зарцуулах хөрөнгийн захиалга, хуваарийг тухайн захиран зарцуулагч Нэгдсэн сан нь сар, улирал, жилээр хамтран тогтоон батлаж мөрдөнө.
5.4. Нэгдсэн сан нь тухайн сангийн хөрөнгийг график, хуваарийн дагуу холбогдох байгууллагад нь саадгүй шилжүүлж байх үүргийг хэрэгжүүлнэ.
5.5. Нэгдсэн сан, тухайн сангийн хөрөнгийг зарцуулагч байгууллага нь сар, улирал, тутамд сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн өсөлт, шилжүүлэлтийн гүйцэтгэлийг хэлэлцэн дүгнэж байх. Ийнхүү Нэгдсэн сан нь өөрийн менежментээр санг өсгөн арвижуулах үүрэгтэй байж, тухайн сангийн бусад үүрэг, хариуцлага урьдын адил сангийн хөрөнгийг захиран зарцуулагч байгууллагад ногдсон хэвээр байх болно.
Долоо.Нэгдсэн санг бүрдүүлэх зарчим
7.1.Нэгдсэн санг бүрдүүлэхэд дараах зарчмыг баримтална:
1/ил тод, тунгалаг байх;
2/орлого, зарлага иж бүрэн улирал тутам мэдээлэгдэж байх;
3/нийтэд нээлттэй байх;
4/Нэгдсэн сан найдвартай, итгэл даасан, өсөн хөгжиж байх;
5/Нэгдсэн сангийн дүрэм, үйл ажиллагаа, зохицуулалт ил тод, шударга, нээлттэй, үр ашигтай байх;

6/Нэгдсэн сан, сангийн удирдлагын үүрэг, хариуцлага тодорхой, ялгаж салгасан байх;

7/ Нэгдсэн сан нь бусад аж ахуйн нэгж, байгууллагтай  харьцуулахад хуульд зааснаас илүү давуу эрх, Засгийн газрын эерэг нөлөөгүй байх;

8/ Нэгдсэн санд хяналт шалгалт хийх боломжтой, тэр нь ил тод, хараат бус байх;

9/Нэгдсэн сан нь хяналтын бие даасан бүтэцтэй байх.

Найм. Нэгдсэн санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр
8.1. Нэгдсэн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд заасан нийтлэг эх үүсвэрээс гадна  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн одоо хэрэгжүүлж байгаа орлогын эх үүсвэрүүдээс бүрдэнэ.
8.2. Монголын Үндэсний баялгийн хараат бус сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
            1/уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогын 1 төгрөг тутмаас 5 мөнгөний шимтгэл;
            2/ашигт малтмал олборлох, боловсруулах, үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялт)-ын улсын төсөвт ногдох хэсгийн 70 хувь;
            3/Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, эрсдлийн сангийн чөлөөт үлдэгдлийн 50 хувийг гадаадад хөрөнгө оруулалт хийхэд зориулах;
            4/Төсвийн тогтворжуулалтын сангийн 70 хүртэл хувийг Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн дүрмээр зохицуулах;
            5/Хүний хөгжил сан, эдийн засгийн салбарын сангуудын хөрөнгийн 6 сараас дээш хугацаат чөлөөт үлдэгдлийг Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн журмаар гадаадад байршуулах;
            6/ашигт малтмалын хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн улсын төсөвт орох орлогын 50%;
            7/Нэгдсэн сангийн хөрөнгийг удирдан арвижуулж олсон өөрийнх нь үйл ажиллагааны орлого.
Найм.Нэгдсэн сангийн хөрөнгийн зориулалт, зарцуулалт
8.1. Хүний хөгжил, Эдийн засгийн салбарын, Тогтворжуулалтын  сангууд нь дунд, богино хугацааны тогтворжуулалтын зориулттай, цаг үеийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, богино хугацаанд санг арвижуулах, хөрөнгө оруулалт хийх, цаг үеийн эрсдэл, хүндрэл, тулгамдсан асуудлыг даван туулахад чиглэнэ.
8.2. Монголын Үндэсний баялгийн хараат бус сан нь хуримтлал, хадгаламжийн зориулалттай, сангийн хөрөнгөө бага эрсдэлтэйгээр удаан хугацаагаар өсгөн арвижуулах, гадаадад хөрөнгө оруулалт хийх, гадаад орнуудын Баялгийн сангаас хөрөнгө оруулалт олж, улсын эдийн засгийн салбаруудад шууд санхүүжилт хийхэд  зориулагдана.
8.3. Хүний хөгжил, Эдийн засгийн салбарын санд хамаарах дээр дурьдсан  26 сангийн зориулалт, зарцуулалт одоогийн мөрдөж байгаа зохих хууль тогтоомжийн дагуу хэвээр байж, дунд, богино хугацааны зорилтуудыг хэрэгжүүлнэ.
8.4.Нийгмийн даатгалын сан, Халамжийн сан, Хүүхдийн төлөө (Хүний хөгжил санг нэгтгэх) санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Монгол Улсын урьд оны ДНБ-ний 3,5 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, Нэгдсэн сангаас дээрх салбар сангуудад зузаатгал хийж байх. Одоогийн мөрдөж байгаа хуулиар Хүний хөгжил санд төвлөрүүлж байсан хөрөнгө Хүүхдийн төлөө санд шимтгэгдэж (хоёр санг нэгтгэнэ), хүүхдийн мөнгө олгох арга хэмжээнд зарцуулагдана.
8.5.Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн хөрөнгөөр дотоодод хөрөнгө оруулалт хийхгүй, зөвхөн гадаадад хөрөнгө оруулалтад зарцуулах бөгөөд сангийн хөрөнгийн өсгөж арвижуулсан хэсгээсээ бусад салбар санд зузаатгал хийх, тогтворжуулалтын сангийн хөрөнгө бүрэн зарцуулагдаж, улсын нэгдсэн төсөвт шилжүүлэг хийх шаардлага гарсан нөхцөлд УИХ, Засгийн газарт танилцуулснаар Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр зохих зузаатгал хийгдэнэ.
8.6.Нэгдсэн санг удирдах, менежмент хийх, хяналт шалгалт, аудит хийлгэх, мэдээлэх зэрэг Нэгдсэн сангийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг сангийн хөрөнгөөс зарцуулна.
Ес. Нэгдсэн сангийн менежмент
9.1.Нэгдсэн сангийн менежмент нь хамгийн чухал, гол асуудал байх бөгөөд Нэгдсэн сан нь сангийн менежментыг бие даан хариуцан гүйцэтгэнэ. Менежмент нь сангийн хөрөнгө найдвартай, баталгаатай менежментын удирдлагад байж, өндөр орлоготойгоор өсч арвижиж, ил тод байх, авлига, улс төрийн дарамтгүй, аль нэг салбарын сонирхолд автагдахгүй байх зарчмыг хатуу мөрдөнө.
9.2.Нэгдсэн сангийн менежмент нь сангийн хөрөнгийг дотоод, гадаадын аль зах зээлд зарцуулахаас хамаарсан онцлогтой, түүнд зохицсон эрх үүрэгтэй, тэр нь маш тодорхой, ялгаж салгасан байх. Менежмент нь тодорхой, үр дүн нь ил тод, тунгалаг байснаар Нэгдсэн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих боломж хангагдаж байхыг чухалчилна.
9.3.Нэгдсэн сангийн хөрөнгийг дотоод, гадаадын зах зээлд байршуулах, илүү үр дүнтэйгээр өсгөн арвижуулах нь тодорхой мэргэшил, дадлага, мэдлэг шаардсан маш чухал ажил гэдгийг онцгой анхаарч, хамгийн гол нь өндөр мэргэжлийн, нэр төртэй, хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвартай хүмүүс, баг гүйцэтгэж байж, өндөр, найдвартай, баталагаатай үр дүнд хүрдэг менежментын удирдлагыг урьдал болгоно.
Ялангуяа гадаад зах зээлээс шууд өндөр ашиг олох нь асар хүнд, ихээхэн чадвар, мэдлэг, туршлага шаарддагыг бодолцон эхний үед зүгширтэл гадаадын баг, мэргэжилтнүүд, зөвлөхүүдэд менежментын гэрээгээр  доорх нөхцөл, шаардлагыг тавьж хэрэгжүүлнэ:
1/хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэргэшилтэй, нэр төртэй, ур чадвартай байх;
2/олон улсын санхүүгийн зах зээлд 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3/гадаад орны Үндэсний баялгийн сангуудад болон хөрөнгө оруулалтын байгууллагуудад амжилттай ажиллаж байсан, шийдвэр гаргах, удирдах ажлын туршлагатай, Баялгийн сангаар мэргэшсэн байх;
4/дэлхийн түвшний шилдэг хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчидтай холбож чадах итгэлтэй болох нотолгоо бүхий байх;
5/менежментын үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлэгчээ гэхээсээ илүүтэйгээр хувь эзэмшигчийн сонирхолд илүү нийцүүлэхийг эрмэлздэггүй, хамгийн их ашиг олохыг чухалчилдаггүй менежментийн удирдлагыг хэрэгжүүлдэг байх;
6/менежментын хөлс нь ажилласан хугацаатай уялддаг бус, бас хатуу тогтоосон үнэ хэрэглэдэггүй, аливаа нэг этгээдийн бүтээгдэхүүнийг борлуулахыг урьдал болгодоггүй байхын хамт үндэсний мэргэжилтнүүдийг хөрөнгө оруулалтын сайн туршлага, чадвар, арга барилд сургахыг урьдал болгодог, менежментын ажлын гүйцэтгэлээр хөлсөө тооцдог, өөрөөр хэлбэл бизнесийн загвараа нэвтрүүлж, тэр нь үр өгөөжөө өгсөн үед орлого, ашгаа хүртдэг байх;
7/менежмент нь нийгмийн ба хувийн өмчийн хөрөнгийн шилдэг менежер, хөрөнгө оруулалтын компани, Баялгийн Хараат Бус Санд ажиллаж, амжилт олж байсан ур чадвартай мэргэжилтнүүд, баг, дэлхийн алдартай сургуулиудыг дүүргэсэн оюуны лидерүүд, бизнес, нийгмийн манлайлагчид байх, тэд нь Монголын чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран Монголын онцлогт тохирсон менежментыг хэрэгжүүлэх чадвартай байх;
8/Нэгдсэн сан өөрөө өндөр ур чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, дадлага туршлагатай мэргэжилтнүүдтэй байх.
Арав. Нэгдсэн сангийн хөрөнгийн байршил
10.1.Нэгдсэн сангийн үндсэн зорилт, менежменттэй уялдуулан сангийн хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар байршуулах зарчмыг урьдал болгох, сангийн хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодод хийх, зөвхөн гадаад хийх, эсвэл дотоодод хийх, тэрчлэн үндэсний валют (төгрөг)-аар, гадаад валютаар, юуны урьд ам доллараар, еврогоор, фунт стерлингээр, иенээр, юаниар байршуулах гэх мэт олон хэлбэрийг сонгон хэрэглэх бөгөөд дараах хэлбэрээр байршуулахыг голлоно:
1/хөрөнгө оруулалтад (гадаад, дотоодод);
2/Засгийн газрын бондоор;
3/мөнгө, санхүүгийн олон улсын зах зээлд;
4/мөнгөөр нь хадгаламжид (дотоодод);
5/гадаадын нэр төртэй, найдвартай банкинд хадгалуулах.

10.2.Нэгдсэн сангийн хөрөнгийг Сангийн нэр дээр Монгол банк дахь тусгай дансанд байршуулах бөгөөд найдвартай, баталгаатай болохыг менежментын баг тодорхойлсон нөхцөлд уг хөрөнгийг илүү ахиу арвижуулж болох арилжааны банкинд тэр банкны баталгаатайгаар байршуулж болох.
10.3.Нэгдсэн сангийн тусгай дансанд байршиж байгаа хөрөнгийг тухайн салбар сангийн хөрөнгийг захиран зарцуулагч байгууллагын дансанд зохих график, хуваарийн дагуу тэдний зааж өгсөн банк дах дансанд нь шилжүүлэх ажлыг Нэгдсэн сан гүйцэтгэх бөгөөд уг дансны хөрөнгийг зөвхөн хуульд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргийг тухайн санг захиран зарцуулагч  хэрэгжүүлнэ.
10.4.Нэгдсэн сан, салбар сангийн 1 сараас дээш, 6 сараас доош хугацаагаар чөлөөтэй байх хөрөнгийг үр ашигтайгаар зөвхөн дотоодод, тэхдээ тухайн сангийн төлөвлөгөөт зарцуулалтыг таслахгүй байхаар байршуулах менежментыг Нэгдсэн сан хэрэгжүүлнэ. Нэгдсэн сангийн 6 сараас дээш хугацаагаар чөлөөтэй байх хөрөнгийг голчлон Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн дүрмээр гадаадад байршуулах, өсгөж арвижуулах менежментыг Монголын Үндэсний баялгийн хараат бус  сан хэрэгжүүлнэ.
10.5.Нэгдсэн сангийн хөрөнгө оруулалтын хороо нь сангийн менежментыг хянах, шалгаруулах, нэвтрүүлэхэд чиглэсэн шийдвэрийг Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн тогтоосон журмын дагуу гаргаж байна.
Арван нэг. Нэгдсэн сангийн хяналт
11.1.Нэгдсэн сан нь хяналтын тусгай бүтэц-Аудитын хороотой байх бөгөөд энэхүү хяналт нь маш нарийн тогтолцоотой, нийтэд ил тод, төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдэд хяналтад оролцох, мэдээлэл авах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байх.
11.2.Нэгдсэн сангийн хяналт нь аливаа зүй бус үйл ажиллагаа, зориулалтын бус зарцуулалт, авилга, хээл хахууль гарах үүд хаалгыг хаасан байх, ийм зөрчлийг илрүүлэх, тэдгээртэй ил тод тэмцэх боломжоор хангасан байх.
11.3.Нэгдсэн сан нь өөрийн дотоод хяналтаас гадна төрийн хяналт, хөндлөнгийн хяналт, иргэдийн оролцоотой хяналтыг голчлон хэрэглэдэг, тэдгээр нь ил тод мэдээлэлтэй, шүүн хэлэлцэх, шүүмжлэх, түүний дагуу авсан арга хэмжээний дүнтэй танилцах боломжтой байлгана.
11.4.Нэгдсэн сангийн бүрдүүлэлт, хуримтлуулалт, данс руу мөнгө шилжүүлэлт, зарцуулалт, мөнгө төлөлт, зардал нөхөлт, ногдол ашиг хувиарлалт, хөнгөлөлт, дэмжлэгт үзүүлэлт гэх зэргээр үйл ажиллагааны шат дамжлага, ажил бүхэнд оногдсон үүрэг, олгосон эрх хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, дүнгээ зохих шатны байгууллагад танилцуулдаг, нийтэд ил тод мэдээлдэг байх.
11.5.Нэгдсэн сангийн Удирдах зөвлөл нь сангийн хөрөнгийн зарцуулалтад жил бүр аудит хийлгэж, жилийн тайлан тэнцэл, хөрөнгө оруулалтын тайлан, нэгдсэн сангийн үйл ажиллагааны, тайлан, сангийн үзүүлэлтийн тайлангийн хамт Засгийн газарт танилцуулж, Улсын Их Хуралд тайлагнадаг байх.
11.6.Тайлан нь олон нийтэд ойлгогдохуйц энгийн хэлбэрээр бичигдсэн, олон нийтийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг багтаасан байна. Нэгдсэн сангийн жил, хагас жилийн орлого, зарлагын урьдах хоёр жилийнхтэй харьцуулан гаргасан тайланг өдөр тутмын 2-оос доошгүй сонинд болон цахим хэлбэрээр нийтэлж байна.
Арван хоёр. Нэгдсэн сантай холбоотой хориглох, хязгаарлах зүйл  
12.1.Уул уурхайн орлогоос бүрддэг, дахин сэргээгдэхгүй байгалийн баялгийн орлогод тулгуурласан сангууд нь нийт иргэдийн, улс төрийн, төр засгийн анхаарлыг ихээхэн татдаг, тэр дагуу зарим үйлдлийг хязгаарласан, хориглосон байдаг, энэ нь хэрхэн хэрэгжиж байгааг бүх шатанд сонирхдог олон улсын туршлага, нэгдсэн сангийн хөрөнгийн баталгаатай байдлыг хангах чиглэлээр дараах хориглолт хязгаарлалтыг тогтооно:
1/ Нэгдсэн санд  улс төрийн нөлөөлөл оруулахгүй байх (Сангийн хөрөнгийг улс төрийн үйл ажиллагаанд зарцуулахгүй байх);
2/Нэгдсэн санг бүрдүүлэх, зарцуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж байх;
3/Улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнд хандив, шан харамж өгөхийг хориглох;
4/Засгийн газар нь нэгдсэн сангийн хөрөнгө, түүний ирээдүйд олох орлогыг барьцаалахгүй байх, ийм барьцаагаар зээл авах, олгохыг хориглох;
5/аль нэг салбар, түүний удирдлага, сайд, дарга УИХ гишүүд сангийн хөрөнгийн зарцуулалтад оролцохгүй байх, зориулалтын бус үүрэг заалт өгөхийг хориглох;
6/Нэгдсэн сан нь нийтэд ил тод бус байх, хяналтын бүтэцгүй байх, хяналт тавих боломжийг хаасан байхыг хориглох;
7/Нэгдсэн сангийн хувьд түүнд хөрөнгө оруулсан этгээдэд шаардлагатай бол хөрөнгө оруулалтынх нь хэмжээнд баталгаа гаргахаас бусдаар сангийн хөрөнгөөс мөнгө, хөрөнгийн баталгаа гаргахыг хориглох.
12.2.Ийнхүү хориглолт хязгаарлалт тогтоох нь дараах байдлаас сэргийлнэ:
1/эдийн засгийн инфляцийг хөөрөгдөхөөс сэргийлэх;
2/үнэ өсөхөөс зайлсхийх;
3/уул уурхайн бус салбарыг хамгаалах;
4/улс төрийн дарамтад өртөхөөс сэргийлэх;
5/Голланд өвчин, баялгийн хараал хүрэхээс сэргийлэх.

            Арван гурав. Нэгдсэн сангийн засаглал, удирдлага,
зохион байгуулалт

13.1.Нэгдсэн сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг Нэгдсэн сангийн захиргаа хэрэгжүүлнэ.
13.2.Нэгдсэн сангийн салбар сангуудын бүрдүүлэлт зарцуулалт болон сангийн төрийн мэдлийн хөрөнгийн хэсэгт ногдох  хувьцааг эзэмших эрхийг тухайн сангийн хөрөнгийг бүрдүүлэн, зарцуулж байхаар хуулиар тогтоосон байгууллага захиран зарцуулагч хэрэгжүүлнэ. 
13.3.Нэгдсэн сангийн салбар сангуудын дүрмийг Компанийн тухай хууль, энэхүү хуульд  нийцүүлэн Засгийн газар батална.
13.4.Нэгдсэн сангийн хөрөнгийг өсгөх арвижуулах үүргийг Нэгдсэн сан, тухайн сангийн хөрөнгийг хуульд заасан зориулалтаар нь зарцуулах үүргийг  тухайн санг захиран зарцуулагч хэрэгжүүлнэ.
13.4.Нэгдсэн сан, түүний салбар сангууд үйл ажиллагаандаа бие даасан, олон  нийтэд ил тод байх, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашигт хөтлөгдөхгүй байх үндсэн зарчмыг баримтална.
13.5.Нэгдсэн сангийн байнгын удирлагыг хэрэгжүүлэгч нь дундын удирдлагын зарчмаар ажиллах Удирдах зөвлөл байна.
Арван дөрөв. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дарга, 
гишүүнийг томилох

14.1.Удирдах зөвлөл нь 16 гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн найм нь хараат бус гишүүн байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гурав, Улсын Их Хурлаас гурав, Засгийн газраас гурав, Нэгдсэн сангаас нэг, хараат бус гишүүнд аж ахуйн нэгжийн лидерүүдийн төлөөллөөс гурав, эдийн засгийн тодорхой салбарын төлөөлөл болсон мэргэжлийн холбоодоос гурван хүний нэрийг тус тус санал болгосноор Улсын Их Хурал томилно. 
14.2. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх 3 гишүүний нэг нь Монгол банкны төлөөлөл, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэх 3 гишүүны хоёр нь иргэний нийгмийн  төлөөлөл, Засгийн газраас нэр дэвшигчид нь нь Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам,хуууль зүйн  яамны төлөөлөл тус тус байна.
14.3.Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн гишүүн байна.
14.4.Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос Удирдах зөвлөлийн санал болгосноор Улсын Их Хурал  томилно.
14.5.Удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил, хараат бус гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байх бөгөөд тэдгээр нь дахин томилогдож болно.
14.6.Аж ахуйн нэгжийн лидерүүдийн төлөөлөл, эдийн засгийн тодорхой салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл нь 2 жил тутам солигдож байна.
14.7.Удирдах зөвлөлийн гишүүдийг зохих нөхцөл үндэслэл бий болсон тохиолдолд албан үүргээс нь чөлөөлөх бөгөөд гишүүний сул орон тоог нөхөх үйл явц нь Удирдах зөвлөлөөс бүх бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гүйцэтгэхэд нөлөөлөхгүй.
14.8.Удирдах зөвлөлийн дарга, гишүүн эдийн засаг, банк, санхүү, хөрөнгө оруулалт, олон улсын валют эдийн засгийн харилцаа, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй иргэн байна.
14.9.Гурваас илүүгүй гишүүний бүрэн эрхийн хугацаа жил бүр дуусгавар болж байна.
14.10.Удирдах зөвлөлийн гишүүнд дараах этгээдийг дэвшүүлэхгүй:
1/төрийн улс төрийн албан хаагч;
2/улс төрийн намын удирдах албан тушаалтан;
3/Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны  шүүхийн шүүгч, прокурор.

14.11.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнд  дараах шаардлага тавина:
1/татварын болон бусад хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
2/ял шийтгүүлж байгаагүй;
3/ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Нэгдсэн санг удирдахад харшлахгүй байх;

4/Нэгдсэн сантай сонирхлын зөрчилд өртөж болох компанийн хувьцаа эзэмшигч биш байх.

Арван тав. Удирдах зөвлөлийн хуралдаан

15.1.Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ.
15.2.Удирдах зөвлөлийн хуралдаанд нийт гишүүний дөрөвний гурав буюу 12-оос доошгүй гишүүн хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцох байх ба хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Удирдах зөвлөлийн шийдвэр гарч хэрэгжинэ.
Арван зургаа. Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирал
16.1. Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлийн санал болгосноор Улсын Их Хурал томилж, чөлөөлнө.
16.2. Улсын Их Хурлаас зөвшөөрсөн нөхцөлд Нэгдсэн сангийн гүйцэтгэх захирлыг Удирдлах зөвлөлөөс олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар томилж болно.
Арван долоо. Хөрөнгө оруулалтын хороо, Аудитын хороо
17.1.Нэгдсэн сангаас дунд, богино хугацааны хөрөнгө оруулалтыг дотоодод хийх, урт хугацааны хөрөнгө оруулалтыг гадаадад хийх, Монгол Улсын эдийн засгийн салбаруудад Монголын Үндэсний баялгийн хараат бус сангийн шугамаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх Хөрөнгө оруулалтын хороог Нэгдсэн сангийн дэргэд байгуулж ажиллуулна.
17.2.Хороо нь Удирдах зөвлөлөөс баталсан 7 гишүүнтэй байна. Гишүүд нь мэргэжлийн арвин туршлагатай, ололт амжилтын түүхтэй, өндөр ур чадвартай дотоод, гадаадын  мэргэжилтэнгүүдээс бүрдэнэ.
17.3.Хороо нь бие даасан бөгөөд аливаа нам, эвсэл, бүлэглэлийн нөлөөлөлгүй байна.
17.4.Нэгдсэн сангийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих  чиг үүргийг Аудитын хороо хэрэгжүүлнэ.
17.5.Аудитын хороо нь 5 гишүүнтэй байх бөгөөд Хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурлаас хоёр, Засгийн газраас хоёр, тодорхой салбарын төлөөлөл болсон мэргэжлийн холбоодоос нэг хүний нэрийг тус тус санал болгосноор  Нэгдсэн сангийн Удирдах зөвлөл  томилно.
17.6. Хөрөнгө оруулалтын,аудитын хороо нь үйл ажиллагаагаа Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлд  тайлагнана. 
17.7.Хөрөнгө оруулалтын,аудитын хорооны эрх, үүрэг, үйл ажиллагааны журмыг Удирдах зөвлөлөөс баталсан  дүрмээр зохицуулна.
            Арван найм. Нэгдсэн сангийн менежментийн эрхийг шилжүүлэх
18.1.Тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр менежментийн гэрээгээр менежментийн удирдлагыг хэсэгчилэн болон бүтнээр шилжүүлж болно. Уг менежментийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргана.
18.2.Нэгдсэн сангийн менежментийн сонгон шалгаруулалтын журам болон менежментийн гэрээг Засгийн газар батална.
18.3.Сонгон шалгаруулалтыг санхүү, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцуулан Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлөөс баталсан үнэлгээний хороо явуулна.
18.4.Менежментийн гэрээнд санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийн зөвшөөрснөөр  Монгол Улсыг төлөөлж, Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурна.
            Арван ес.Нэгдсэн сангийн хөрөнгийн эрсдлийн удирдлага
19.1.Нэгдсэн сангийн хөрөнгийн эрсдлийн удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсноор, Нэгдсэн сангийн Удирдах зөвөлөл, Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
19.2.Нэгдсэн сангийн хөрөнгийн эрсдлийг сан өөрөө биечлэн хариуцах зарчмыг  баримтална.
19.3.Нэгдсэн сангийн ашиг нь салбар сангуудад зузаатгал болохын хамт сургууль, эмнэлэг болон бусад нийтийн үйлчилгээ хэлбэрээр төсвөөр дамжин иргэдэд хувиарлагдана.
            Хорь. Ашиг сонирхлын зөрчил
20.1.Нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх захирал, Хөрөнгө оруулалтын хороо, Аудитын хорооны гишүүд, Нэгдсэн сангийн гүйцэтгэх удирдлагын удирдах ажилтнууд нь энэхүү хуулийг хэрэгжүүлэх бүхий л ажиллагаанд оролцогчийн хувьд Нэгдсэн сантай ашиг сонирхолын зөрчилд өртөж болох этгээдэд тооцогдоно.
20.2.Энэ хэсгийн 20.1-д заасан хүмүүс нь нэгдсэн сангаас хөрөнгө оруулсан хуулийн этгээд, төслийн хувьцааг шууд ба шууд бусаар эзэмшигч болох, өмчлөх, хянах бол тухайн гишүүн энэ тухайгаа нэн даруй Удирдах зөвлөлд мэдээлнэ. Энэхүү мэдээлэл нь Нэгдсэн сантай ашиг сонирхлын шууд зөрчилд өртгөхөөргүй байвал түүнийг нийтийн мэдээлэл, тайлан болгох бөгөөд энэ талаар Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолд тодорхой заасан байна.
            Хорин нэг.Нэгдсэн сангийн татварын хөнгөлөлт
21.1.Нэгдсэн сан, сангийн захиргаа нь бүх төрлийн татвар, түүнтэй ижилтгэх төлбөр хураамжаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөлөгдөнө. Нэгдсэн сангийн хөрөнгө, түүнээс хийсэн шилжүүлэг, зузаатгал, орлого нь бүх төрлийн татвараас хөнгөлөгдөнө.
            Хорин хоёр. Нэгдсэн сангаас санхүүжилт олгох, тайлагнах журам
            22.1.Нэгдсэн сангийн нэр дээр Монгол банкинд байршиж байгаа тусгай дансны хөрөнгөөс Нэгдсэн сангийн захиргаа, тухайн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нарын хооронд тохиролцсон хуваарь, графикийн дагуу хийх шилжүүлгийг Нэгдсэн сан гүйцэтгэнэ.
22.2.Тухайн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нь сангийн орлого, зарлагын тайланг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж, Нэгдсэн сангийн захиргаанд хүргүүлнэ.
22.3.Дээрх тайланг Нэгдсэн сангийн захиргаа хянан хүлээн авах ба тухайн сангийн орлого, зарлагын дүн Нэгдсэн сангийн дүнтэй зөрөх тохиолдолд түүний шалтгааныг шалган тогтоох ажлыг захиран зарцуулагч нартай хамтран гүйцэтгэж зөрчил, зөрүүгүй тайлан болгоно.
22.4.Нэгдсэн сангийн захиргаа нь салбар сангуудын тайланг нэгтгэн гаргасан нэгдсэн тайланг Удирдах зөвлөл нь улирал тутам Засгийн газар, Сангийн яаманд танилцуулж байхааас гадна жилийн нэгдсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд  тайлагнана.
22.5.Нэгдсэн сангийн орлого, зарлагын нэгтгэсэн тайланг салбар сангуудын тайлангийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын 2-оос доошгүй сонинд  болон цахим хэлбэрээр нийтэлж байна.
22.6.Олон улсын гэрээ, гадаад  орны хандив тусламжаар байгуулсан сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг хандивлагчийн хүсэлтээр түүнд өгөхийн хамт аудит хийх боломжийг Нэгдсэн сан, тухайн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нар бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Хорин гурав. Хариуцлага
23.1.Энэ хуулийн заалтыг зөрчсөн, сангийн хөрөнгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр ашигласан, эсвэл зориулалт бусаар зарцуулсан, санхүүжилтийг өөр байгууллага, этгээдэд олгосон албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдлыг харгалзан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
23.2.Захиргааны хариуцлагын арга хэмжээ нь Нэгдсэн сангийн хөрөнгийг буруу зарцуулсан, ашигласны зөрчлөөс учруулсан бодит хохирлыг төлөхөөс чөлөөлөх үндэс болохгүй .
Хууль батлагдсаны дараа үүсч болох нийгэм,
эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх
талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар бий болно. Үүнд:
1/Монголын хөрөнгө оруулалт, хөгжлийн хараат бус нэгдсэн  сан байгуулснаар олон улсын баялгийн сангуудын гэр бүлийн (клубын) гишүүн болж, гадаад улс орнууд, үндэсний баялгийн янз бүрийн сангууд, санхүүгийн олон улсын байгууллагуудтай харилцан, хамтран хөрөнгө орууцлалтыг тулгамдаж байгаа эрчим хүч, зам тээвэр, нийгмийн дэд бүтэц зэрэг салбарууддаа татах, томоохон төслүүддээ зориулан богино хугацаанд дээрх сангуудаас хөрөнгө босгох боломжтой болно.
2/Улсын эдийн засгийн чадавхи бэхжиж, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал тогтворжино. Сангаасаа гадаад улсуудын ашигтай төсөлд хөрөнгө оруулснаар бүс нутгийн дэд бутэц болоод эдийн засагт идэвхитэй оролцох боломж бүрдэж, олон улсад болон гадны хөрөнгө оруулагчдад  Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурь өснө.
3/Улсын эдийн засаг, төсөв нь дэлхийн зах зээл дэх ашигт малтмалийн үнийн хэлбэлзлээс хараат бус байх боломж бүрдэнэ.
4/Ирээдүй хойч үедээ сэргээгдэхгүй баялгийн өнөөдрийн үр өгөөжийг шударгаар хүртээж, материаллаг хөгжил болон санхүүгийн нөөц үлдээнэ.
Төсөл боловсруулагчид:

/Э. Бямбажав/
/Ж. Түвшинбат/